Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчид болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад мэргэжлээ зөв сонгоход нь туслах “Алхам алхмаар” аяныг Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагынхан хамтран өчигдрөөс эхлүүлэв. Энэхүү аян нь “Өөрийгөө ойлгох нь”, “Мэргэжлээ ойлгох нь”, “Шийдвэр гаргах нь” гэсэн гурван хэсэгтэй бөгөөд myCareer.mn цахим хуудсаар өрнүүлэх нь. Тодруулбал, уг цахим хуудсаар дамжуулан сурагчдад өөрийгөө танихад зориулсан сэтгэл зүйн тестүүд, мэргэжлүүдийн талаар судлах заавар зэрэг мэдээлэл хүргэх юм байна. Мөн мэргэжлээ сонгоход анхаарах зүйлс, зөвлөмж, мэдээллийг түгээх аж. Улмаар сонирхож буй ажил, мэргэжил болон элсэн суралцах сургуулийнхаа талаар мэдээлэл авах боломж бүрдүүлжээ. Аян ирэх сарын 15 хүртэл үргэлжилнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл сар гаруйн дараа эхлэхтэй холбоотойгоор уг ажлыг санаачилжээ.
Бэлтгэсэн М.Оч