УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.01.02/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хуралдааны эхэнд цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, бараа бүтээгдэхүүний үнэ, нүүрсний асуудалтай холбоотойгоор УИХ, Засгийн газраас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн. Үүнтэй холбоотойгоор дараахь чиглэлүүдийг гаргалаа.
Нэгдүгээрт, үнийн өсөлтийг импортоос хамааралтай гэж үзэж байна. Иймээс импортыг нээх чиглэлд онцгой анхаарах ёстой гэдэгт гишүүдийн байр суурь нэгдлээ.
Хоёрдугаарт, нүүрсний асуудалтай холбоотойгоор УИХ, Засгийн газар манлайлал үзүүлж ажиллах ёстой. Энэ хүрээнд Авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэхтэй холбоотой хуульд тодорхой өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай. Тиймээс УИХ, Засгийн газраас хамтарсан ажлын хэсэг гаргаж, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллах ёстой гэж үзлээ.
Гуравдугаарт, томоохон бүтээн байгуулалттай холбоотой гэрээ хэлэлцээр байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж,шийдвэрлэх эрхзүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү төслийг бүлгийн гишүүд ерөнхийд нь дэмжсэн. Ингэхдээ ажлын хэсэг гаргаж, боловсруулалтыг сайжруулах шаардлагатай гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв.
Хуралдааны үеэр МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сүүлийн үед иргэдээс төрд шударга ёс тогтоож, тэгш боломж олгох тухай шаардлагуудыг удаа дараа тавьж, зарим тохиолдолд жагсаал цуглаан хийж байгаа юм. Иймээс Засгийн газар болон эрх барьж байгаа намын зүгээс үүсээд байгаа асуудлыг УИХ-тай хамтран иргэдтэйгээ хэлэлцэж, гарц шийдлийг олж, оношийг зөв тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна. Мөн ард иргэдийг бухимдуулж байгаа авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчилтэй байдлыг таслан зогсоох чиглэлд цогц арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал гэж тодорхойллоо. Эдгээр асуудлыг нэг нэгээр нь, олон нийтийн шаардлага тавьсан үед нь гал унтраах байдлаар зохицуулаад явбал асуудал бүрэн шийдэгдэхгүй. Энэ цаг үед УИХ, Засгийн газраас хамтарсан баг гаргаж, иж бүрэн судалгаа хийсний үндсэн дээр багц арга хэмжээ авахад зорьж ажиллах хэрэгтэй.
Мөн Гашуунсухайт-Зүүнбаян төмөр зам зэрэг томоохон шууд гэрээнүүдтэй холбоотой асуудлууд олон нийтийн анхаарлыг их татлаа. Цаашид шууд гэрээ байх болно. Тэгвэл Засгийн газраас стратегийн орд газар, томоохон төсөл хөтөлбөрүүдийг шийдэх эрхийг УИХ-д бүрэн шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Бүлгийн хуралдаанаар өнгөрсөн оны сүүлээр иргэд бухимдлаа илэрхийлж жагсахдаа “Нүүрсний хулгай”-тай холбоотой асуудлыг илрүүлж, олон нийтэд дэлгэх, хуулийн хариуцлага тооцох, шүүхийн ил тод байдлыг бүрэн хангаж өгөхийг шаардсан талаар хэлэлцсэн. Ингэхдээ шүүх хурал, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөс бусад тохиолдолд хаалттай явагддаг байдлыг халах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс олон нийтийн зүгээс хардалт үүсгээд байдаг Шүүхийн ил тод байдлыг хангах чиглэлийг Ерөнхий сайд үүрэг өгсөн.
Өнгөрсөн оны сүүлээр МАН-ын бага хурал хуралдаж, нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдлыг оновчтой тогтоох ард иргэдтэй хамтарсан “Зөвлөлдөх Ардчиллын замаар яриа хэлэлцээр өрнүүлж, гарц шийдлийг олох “УИХ-ын 80-р тогтоол”-ыг дэмжиж ажиллах шийдвэрийг гаргалаа.
Хуралдааны үеэр мөн эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцохтой холбоотойгоор Ерөнхий сайдын санаачилсан хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцлээ. Хуулийн өөрчлөлтөөр, 20.2-р заалтад Төрийн өндөр албан тушаалтнуудын төрөөс худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлуудад хязгаарлалт тогтоох саналыг боловсруулсан юм” гэв.