АН-ын “4:11” мэдээллийн цаг болж, тус намын дарга асан С.Эрдэнэ, Улс төрийн зөвлөлийн дарга М.Энхсайхан, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд, МҮАН-ын дарга асан Б.Цогтгэрэл нар мэдээлэл хийлээ. МҮАН-ыг татан буулгаж, АН-д нэгдэх хүсэлтээ уржигдар Дээд шүүхэд хүргүүлжээ.
М.Энхсайхан “АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар нэгэн шинэ бүтэц бий болгосон нь Улс төрийн зөвлөл. Тус зөвлөл нь хяналтын Засгийн газар хэлбэрээр ажиллана. Ер нь шийдвэр гаргагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой “сүүдрийн Засгийн газар” дэлхийн 30 гаруй оронд ажиллаж байгаа. АН ч ингэж ажиллана. Эрх баригчдын үйл ажиллагаанд тавих ард түмний хяналтыг сайжруулж, ойлгуулахад энэ нь чухал үүрэгтэй. Өдгөө Дээд шүүхэд бүртгэлтэй, хууль ёсны тамга тэмдэгтэй АН нэртэй ганц л нам бий. АН-ынхан хагаралдсан гэх нь буруу. МҮАН ч хууль ёсны намд хүсэлт гаргаж, нэгдсэн. Гишүүний үнэмлэхээ ч хууль ёсны даргаас нь гардаж авлаа. АН-ынхан итгэл үнэмшлээрээ нэгдэж байж Монголын ардчиллын чанарыг дээшлүүлнэ. Бид итгэл үнэмшлийнхээ төлөө зүтгэнэ. 16 жилийн дараа АН-даа ирлээ” гэв.
Мөн С.Эрдэнэ “УИХ дахь АН-ын бүлэг гэгдэж буй хэсэг нөхөд эрх баригчдын “тоглоом”-ын нэг хэсэг. Тэд улс төрийн тохироо хийж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан” гээд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын гишүүн бус хэмээн тодотголоо. Тэрбээр АН-ын эв нэгдлийг хангахаар байгуулсан ажлын хэсэг, Зөвлөлдөх зөвлөлийг хүлээн зөвшөөрөхгүйгээ үүгээр мэдэгдсэн юм.
Харин энэ өдөр УИХ дахь АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийж, намын эв нэгдлийг хангах ажлын хэсгийн гишүүд оролцжээ.
Бэлтгэсэн Б.Уран