Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаар хагва гарагт Шүүхийн сахилгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар, С.Батгэрэл, Н.Баярмаа нарт холбогдох сахилгын хэргийг хэлэлцлээ. Бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэрэгт холбогдож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм буруутай, эсэхийг нь хэлэлцсэн “Ургах говь” ХХК-ийн захирал О.Энхжаргал эл гурван шүүгчийн эсрэг Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан аж. Сахилгын хорооныхон өнгөрсөн долдугаар сард хэлэлцээд дээрх гурван шүүгчид хаалттай сануулах сахилгын шийтгэл оноосон билээ. Уг хорооны шийдвэр, магадлалыг шүүгч С.Батгэрэл эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнээс өмнө дээрх компанийн захирал О.Энхжаргал шүүгч Л.Галбадарын эсрэг гомдол гаргасан бөгөөд тухайн шүүгч илт алдаа гаргасан байсан учраас нээлттэй сануулах сахилгын шийтгэл оноосон байдаг. Тодруулбал, Л.Галбадар нэр бүхий шүүгдэгч ямар гэмт хэрэгт гэм буруутай болох талаар шийтгэх тогтоолд бичээгүйгээс гадна хохирлын асуудлыг шийдвэрлээгүй, энэ талаар дүгнэлт өгөөгүй нь давж заалдах шатны шүүхийн магадлалаар тодорхой болж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ. Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгч Л.Галбадар, С.Батгэрэл, Н.Баярмаа нарын сахилгын хэргийг хэлэлцээд Шүүхийн сахилгын хорооны магадлал, тогтоолыг хэвээр үлдээж, шүүгч С.Батгэрэлийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна. Ингэснээр эл гурван шүүгчид оноосон хаалттай сануулах тогтоол албан ёсоор баталгаажлаа.