Хүүхдийн зохиолч Н.Мандал өөрийн зохиолоос сэдэвлэсэн хуруун хүүхэлдэйн жүжгээ ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд урилгаар тоглож, хүүхэд, багачуудын танин мэдэхүйд хөрөнгө оруулж байна. Тэрбээр энэ сард “Цоглог бөмбөөхэй”, “Индиго жаалууд” цэцэрлэгийн багачууд, “Сэтгэмж цогцолбор”, 14, 33, 97, 120, 155 дугаар сургуулийн бага ангийн сурагчидтай хүүхэлдэйн жүжгээрээ уулзжээ. Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай онлайнаар “уулзаж”, ном уншихын ач холбогдлыг таниулан, жүжгээ толилуулсан аж.
Н.Мандалыг уран зохиол, театрын хүрээнийхэн сэтгүүлч, хүүхдийн зохиолч С.Надмидын охин гэдгээр мэддэг бөгөөд түүний бичсэн “Нууцын эрэлд”, “Миний хөөрхөн шүдний аялал”, “Саран охин, хөхөө хүү” зэрэг олон жүжгийг Хүүхэлдэйн театраас эхлээд орон нутгийн урлаг, соёлын байгууллагууд тайзнаа тоглож байв. Мөн түүний “Улбар сүнсний мөрөөр”, “Шид мангас”, “Бордоотой бороо” зэрэг бүтээл хүүхэд багачуудын ширээний ном болжээ.
Бэлтгэсэн Н.Буян