Шилдэг инновац бий болгосон судлаачдад Боловсрол, шинжлэх ухааны сайд өнгөрсөн баасан гарагт тэтгэлэг олголоо. Сайдын нэрэмжит уг тэтгэлгийг 2011 оноос эхлэн жил бүр олгосоор ирсэн юм. Үүний хүрээнд одоогоор 126 судлаач уг тэтгэлгийг хүртжээ. Шинэлэг, бүтээлч санаа дэвшүүлсэн залуу судлаачдыг үүнд хамруулдгаараа онцлогтой. Энэ оны тухайд эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллагуудын 52 судлаач тэтгэлэгт хамрагдахаар төслөө нэр дэвшүүлсэн байна. Тэднээс 10-ыг нь шалгаруулж, тус бүрт нь 10 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ. Шилдэгт багтсан зарим төслийг дурдвал, Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаач А.Ариунаа “Хаягдал усанд агуулагдах хортой хүнд металлын бохирдлыг цэвэрлэх технологи”, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Ариунболдын “Цөлийн хээрийн бүсийн доройтсон газарт зонхилон тархах зарим сөөг, сөөгөнцөр, өвслөг ургамлын экологи-биологийн онцлог, тэдгээрийг нөхөн сэргээлтэд ашиглах боломж” бүтээл тэтгэлэг авчээ. Мөн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн судлаач Б.Булгантуяа “Архинаас үүдэлтэй танин мэдэхүйн бууралтыг сайжруулах бэлдмэл гарган авах” төслөөрөө шилдгээр шалгарсан байна.
Бэлтгэсэн М.Оч