Киргиз улсын Бишкек хотод чөлөөт бөхийн олимп, ДАШТ-ий медальт 20 бөхийн халз барилдааны “Poddubny wrestling league” тэмцээн зохион байгуулж байна. Тус тэмцээнд Монголоос Гавьяат дасгалжуулагч Б.Бямбажавын удирдлагад М.Лхагвагэрэл, Т.Тулга нар хүч сорилоо. Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл нь “Осло-2021” ДАШТ-ий хүрэл, “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальтай. Т.Тулгын хувьд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насныхны Азийн аварга болсон тамирчин билээ. Халз барилдааны эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд зодоглосон Т.Тулгын өрсөлдөгч нь энэ жилийн Оросын аварга АШТ-д түрүүлж, Иван Ярыгины гран при болон Иван Поддубный лигээс тус бүр хүрэл медаль хүртсэн, Дагестаны тамирчин Ибрагим Ибрагимов байв. Манай тамирчин өрсөлдөгчөө 2:1-ээр буулган авч, халз барилдаанд түрүүлсэн юм. М.Лхагвагэрэл 125 кг-д “Токио-2020” олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Ираны Амирхоссейн Заредтай халз барилдсан ч 4:10-аар ялагдав. Тэд Казахстанд өнгөрсөн хавар зохион байгуулсан, Болат Турлыхановын нэрэмжит “Ranking series” тэмцээнд учраа таарч, М.Лхагвагэрэл 0:2-оор хожигдсон билээ.