Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны 2022 оны арвандүгээр сарын 02 дугаар тогтоолоор "Монгол Улсыг гадаадад сурталчлах, аялал жуулчлалын эвэнт арга хэмжээний нэгдсэн хуанли (календарь) боловсруулах” дэд ажлын хэсгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нар ахлан 27 гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан.
Өнгөрсөн хугацаанд аялал жуулчлал, спорт арга хэмжээ, боловсрол сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, орон нутгийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн хуралдаанаар "Монголд зочлох жил 2023" аялал жуулчлалын жилийн хүрээнд Монгол Улсыг олон улсад сурталчлах 22, бүс орон нутгийн шинжтэй жилийн туршид зохион байгуулах 69, нийт 91 эвэнт арга хэмжээг тодорхойлон Засгийн газрын хуралдаанаар танилцуулж календариа эцэслэв.
2023 онд зохион байгуулагдах 91 эвэнт арга хэмжээтэй холбогдуулан агаарын тээврийн нислэг, галт тэрэгний давтамжийг нэмэгдүүлэх, тийз, тасалбарын үнийн тусгай тариф бий болгох, мөн арга хэмжээний үеэр зочид буудал, жуулчны бааз, амралтын газруудын бэлэн байдлыг хангуулах, стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэх, жуулчдын аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажлуудыг төлөвлөн, салбар дундын уялдаа холбоог хангахаар ажиллаж буй гэнэ.