Нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүс эхнээсээ зугтаагаад эхэллээ хэмээн УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр мэдээллээ: Тэрбээр, "Нүүрсний хэрэгтэй холбоотой хамгийн том авлигын хэрэг гараад, үүний оффтейк гэрээг шахаж гаргуулж байсан, ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгч байсан Х.Баттулга гэдэг хүн хилээр гараад явчихлаа. Чоно борооноор гэдэг шиг. Үүнтэй холбогдуулан хариуцлага тооцох хэрэгтэй. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол энэ сарын 21-нд зохион байгуулна.
Нээлттэй хэлэлцүүлэгт ЭТТ-н хуучин удирдлага Г.Ганхуяг, АТГ-аас нэрлэсэн УИХ-ын таван гишүүний яриаг сонсож, мэдүүлэх авахаар төлөвлөж байсан. Гэтэл эхнээсээ зугтааж байна. Х.Баттулга эрүүл мэндийн шалтгаанаар явсан гэсэн. Ч.Сайханбилэг бас эрүүл мэндийн шалтгаанаар гээд гадагшаа явсан. Ард түмэндээ харагдахдаа төмөр өргөөд хэр баргийн өвчин тусахааргүй, эрүүл чийрэг Ерөнхийлөгч гэж имижээ бүрдүүлсэн. Гэтэл эрүүл мэндийн шалтгаанаар гэдэгт би эргэлзэж байна. Иймээс ХҮН намын зүгээс АТГ, Ерөнхий прокурорт хариуцлага тооцох шаардлагыг энэ хэвлэлийн хурлаар дамжуулан хүргэж байна" гэх мэдээллийг өглөө.