-“Эрдэнэс Тавантолгой”-той гэрээтэй аж ахуйн нэгжүүдийг нийтэд мэдээллээ-
“Нүүрсний” гэх хэргүүдтэй холбоотойгоор төв талбайд иргэд жагсаал, суулт зохион байгуулж, ард түмний боломжийг хулгайлсан хүмүүсийг зарлахыг шаардан 10 гаруй хонолоо. Тэгвэл өчигдөр АТГ-ынхан “нүүрсний” гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан нөлөөлсөн, оролцсон байж болзошгүй үйлдэлд шалгуулж буй 17 хүний нэрийг зарлалаа. Тэдний дунд АН-ынхан ч, МАН-ын гишүүд ч цөөнгүй байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох “Нүүрсний хулгайн гэх асуудалтай холбоотойгоор тагнуул, цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүний долоо нь мөрдөн байцаалтын, үлдсэн нь хэрэг бүртгэлтийн хэрэг. Шалгалтын хүрээнд 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ шүүх авсан. Одоогоор 35 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаагийн долоо нь хахууль авсан, 16 нь хахууль өгсөн, найм нь албан тушаалаа урвуулан ашигласан, хоёр хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулсан.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2018-2022 оны хооронд 20 саяас дээш үнийн дүнтэй, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан 576 гэрээ байгуулсан. Таван толгойн уурхайгаас өмнөд хөршийн Ганц модны боомт хүртэл нүүрс тээвэрлэх 398 аж ахуйн нэгж байна. Нүүрс борлуулалтын 633 гэрээг гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй хийсэн. Тэр болгоныг нэг бүрчлэн үзэж, нарийвчлан шалгаж, эдгээрийн ард улстөрчид, улстөрд нөлөө бүхий албан тушаалтнууд байгаа, эсэхийг нягтлах ажил хийж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний олборлолт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах явцад дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар оролцсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг албан тушаал хашиж байсан З.Энхболд, АН-ын Засгийн газрын үед Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажилласан Д.Ганбат, өнөөгийн УИХ-д Баянхонгор аймгаас сонгогдсон, АТҮТ-ийн албан тушаалтанд 100 000 ам.долларын хахууль өгсөн хэргийн холбогдогч А.Адъяасүрэн, хэдэн жилийн өмнө мөн л нүүрсний хэрэгт холбогдож байсан, Өмнөговь аймгаас сонгогдон төрийн түшээ болсон, “Ажнай корпорац” компанийг үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, “Сод Монгол”-ын эзэн, Булган аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Анандбазар, Өмнөговиос сонгогдсон төрийн түшээ Н.Наранбаатар, Дархан-Уул аймгаас сонгогдсон, “Тэспетролиум” ХХК-ийн эцсийн өмчлөгч, Гаалийн болон Татварын ерөнхий газарт удирдах албан тушаал хашиж байсан, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Дорнод аймгаас төр түшилцэхээр сонгогдсон, хошууч генерал Ц.Сэргэлэн, Говь-Алтайн сонгогчдын итгэлийг хүлээн төр түшилцэж буй, АТГ-т хэлтсийн дарга асан, МХЕГ-ын даргаар ажиллаж байсан Ш.Раднаасэд, “Ажнай”, орон нутгийн өмчит “Тавантолгой” компанид нөлөө бүхий албан тушаал хашиж байсан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, мөн аймгийн Засаг дарга асан, өдгөө ИТХ-ын даргаар ажиллаж буй, хууль сахиулах байгууллагад удаа дараа шалгуулж байсан Б.Бадраа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд, эл компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Эрхэт Монгол” группийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Х.Мандахбаяр нарыг одоогийн байдлаар танилцуулж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар гэм буруутныг тогтоох онцгой эрх ганцхан шүүхэд хадгалагдаж байгаа. Эдгээр хүний үйлдэл нь “нүүрсний” гэх хэргүүдтэй шууд болон шууд бусаар холбогдсон нь шалгах үндэслэл болсон. Бид эдгээр нэрийг тодорхой баримтад үндэслэн өнөөдөр танилцуулж байна” гэсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу үргэлжилж буй бөгөөд заримаас нь мэдүүлэг тайлбар авч эхэлснээ, шаардлагатай хүмүүст хилийн хориг тавьснаа, Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон Тамгын газрынх нь даргаар ажиллаж байсан Ө.Шижир нарыг хилээр гарахыг хориглоогүй, ГЕГ-ын дарга асан Б.Асралтыг шалгаж эхлээгүй гэдгээ энэ үеэр мэдээллээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн “Засгийн газар оффтэйк гэрээнүүдийг ил болгож, АТГ-т өнөөдөр албан ёсоор шилжүүлсэн. Эдгээр гэрээг хуулийн дагуу шалгана. Бидний мөрдөн шалгаж байгаа хэрэгт олон нийтийн дунд цахим мэдээллийн хэрэгслээр зарлаад буй УИХ-ын гишүүдийн холбогдолтой үйлдэл одоогоор гарч ирээгүй. Гэрээнүүдийн цаана ямар албан тушаалтан, иргэн, аж ахуйн нэгж байгаа нь тодорхой хугацааны дараа ил болно. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн үү, албан тушаалтан нөлөөлсөн үү гэдгийг одоогоор хэлэх боломжгүй” гэв.
Мөн АТГ-ын дэд дарга Г.Азжаргал “АТГ авлигын суурь шалтгааныг арилгах, улсаас хулгайлагдсан хөрөнгийг буцаах, хохирол нөхөн төлүүлэх ажлыг хийж байгаа. Гэмт хэрэгтэй тэмцэх ажил явдгаараа явна. Үүний хажуугаар АТГ авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг бас хийдэг. Авлигын суурь шалтгаан нь улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг. Тиймээс төрийн өмчит компанийг олон нийт хянах, улс төрийн намын санхүүжилтийг өөрчлөн засах, төрийн албаны томилгоог шударга болгох зэрэг тогтолцооны шинжтэй ажлуудыг хийж байна.
Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлт 2021 онд 96.2 тэрбум байсан бол 2022 он гарснаас хойш одоогоор 2.3 их наядын хохирлыг АТГ мөрдөн байцаалтын шатанд төлүүлж улсад буцаан олгосон. 2.3 их наяд төгрөгийг улсад буцаан төлсөн нь сайшаалтай ч энэ нь манай улсад томоохон реформ хийхийг шаардаж буйг илтгэж байна” гэлээ.
АТГ-ын мэдээллийн даргаа “нүүрсний” гэх хэрэгт нэр нь холбогдсон гишүүд эхнээсээ мэдээлэл хийв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Тавантолгой компанийн талбай, оффис хаана байдгийг мэдэхгүй. Яагаад ингэж зарлах болов гэдгийг гайхаж байна. Би цаашид хулгайтай тэмцэнэ. Нүүрсний хулгай гаарсан. Нэг “Портер” нүүрс гаргасан тохиолдол байвал би ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн. Андуурал гарсан байх. “Тавантолгой”-д шатахуун ч нийлүүлж үзээгүй. Нүүрс тээвэрлэгч компаниуд манайхаас шатахуун авсан байхыг үгүйсгэхгүй” гэсэн.
Ц.Анандбазар “Миний бие нүүрсний компанийн нэг ч хувьцаа эзэмшдэггүй. Уурхайн лиценз байдаггүй. Өнөөдөр Монголын ард түмний бүх боломжийг хулгайлсан нүүрсний хулгайч нар амь тавих дөхөөд ирэхээр огт оролцдоггүй гишүүдийн нэрсийг гаргаж, энэ хулгайгаа займчуулж байна. Би долдугаар ангидаа нүүрс гэртээ оруулж байснаа санадаг. Түүнээс хойш нүүрс хутгаж үзээгүй” хэмээв.
Тэгвэл УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан З.Энхболд твиттерт “Нүүрсний хулгайчаар зарлагджээ. Дуудахаа болиод ингээд яллачихдаг болсон юм байх даа. Яг юунд буруутгаж байгаа юм бол” гэж жиргэсэн бол Ө.Шижир “Миний бие өнөөг хүртэл нүүрсний салбартай холбоотой ажил эрхэлж байгаагүй тул өөрт холбоотой мэдээлэлд эмзэглэж байгаа ч шаардлагатай гэвэл хууль хүчний байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлье. Гагцхүү энэ нүүрсний гэх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийн тулд иргэдийн оролцоог ханган, мөрдөн шалгах ажиллагааг нээлттэй явуулах нь энэхэргээр хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй байх, буруутай этгээдэд ял завших боломж олгохгүй байх тул бүх шатандаа ил тод байхыг уриалж байна. “Нүүрсний” гэх хэрэг удахгүй эцэслэн шийдэгдэж, үүнтэй зэрэгцэн дахин хулгай нүүрлэдэггүй, хулгайлах боломж ч олгодоггүй тогтолцоо болон системийн өөрчлөлт, хяналт бүрэлдэн тогтоно гэдэгт итгэлтэй байна. Бас юунд, яаж холбогдож байгаагаа ч мэдмээр байна. Нүүрс түлж үзсэнээс нүүрс тээвэрлэж явсангүй” гэж байр сууриа илэрхийллээ.