“Нүүрсний” гэх хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд өнгөрсөн пүрэв гаргаас эхлэн нөлөө бүхий албан тушаал хашиж байсан хүмүүсийг саатуулсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг, түүний эхнэр, эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, эл компанийн шинэ суурьшлын бүсийн төсөл хариуцсан албаны дарга С.Энхтөр, “Сагсайс редер” ХХК-ийн захирал С.Энхтүвшин, “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдорж, гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг албадан саатуулсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тэдэнтэй хамт төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярыг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр албадан саатуулсан гэсэн мэдээлэл гарсан ч тэрбээр эрс үгүйсгэн “Уг нь мөрөөрөө хөдөө байгаа юм сан” хэмээн зураг тавьсан байсан юм.
Тэгвэл Т.Мөнхбаярыг цагдан хорьж шалгах санал НПГ-аас шүүхэд хүргүүлснийг өнгөрсөн баасан гарагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ. Түүнийг Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт оршдог Салхитын мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах ажлын тендерт шалгарсан нэр бүхий компанитай гэрээ байгуулсны хариуд нэг тэрбум 217 сая, сонгон шалгаруулалт зохион байгуулалгүйгээр нэр бүхий аж ахуйн нэгжтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан нэг тэрбум 455 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан аж. Т.Мөнхбаярыг 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгах ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнхнаас хууль сахиулагчид мөрдөн байцаалтаа эхлүүлсэн. Тиймдээ ч тус компанийн гүйцэтгэх захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг нарын таван хүнийг яллагдагчаар тооцон, цагдан хорив. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай, “Эрдэнэс Тавантолгой” компанийн шинэ суурьшлын бүсийн төсөл хариуцсан албаны дарга С.Энхтөр, “Сагсайс редер” ХХК-ийн захирал С.Энхтүвшин, Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн хяналтын улсын байцаагч Б.Сырымбек нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн яллагдагчаар татах тогтоол НПГ-аас баталсан аж. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүнийг болон хамаарал бүхий хүмүүсийг цагдан хорих санал хүргүүлсэн байна. Б.Ганхуяг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг шийдвэрлэх шүүгчээс татгалзсан ч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн түүний татгалзлыг үндэслэлгүй гэж дүгнэн хүлээн авсангүй. Улмаар шүүх дээрх яллагдагч нарыг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэж дүгнэн нэг сарын хугацаанд цагдан хорихоор шийдвэрлэсэн юм.
Б.Ганхуяг нарыг шалгаж эхлэхээс өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгч тус компанийн нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т хандсан талаараа мэдээлж байв. Тодруулбал, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлатыг нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, “Онлайнложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгохдоо Улаанбаатар хотын Гаалийн газрын улсын байцаагч Б.Сырымбектэй хамтран гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих санал прокурорын байгууллагаас хүргүүлсэн юм. Б.Сырымбекийг нь 30 хоног цагдан хорихоор болсон бол Х.Нурлатын өмгөөлөгч нар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаснаар өнөөдөр шийдвэрлэхээр болов.
Эдгээрээс гадна нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой, хил, гаалийн албан тушаалтан 28 хүнд холбогдох хоёр хэргийг АТГ-ын мөрдөгчид шалгаж дуусан прокурорын хяналтад шилжүүлснийг НПГ-ынхан хянаж байна. Нэг нь Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч У, Т, Б, хилийн 0131 дүгээр ангийн дээрх боомт дахь Шалган нэвтрүүлэх албаны орлогч дарга Т, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хорио цээрийн хэлтсийн улсын байцаагч Б нарт холбогдох үйлдэл аж. Тэд албан тушаалаа урвуулж, 15 иргэн, аж ахуйн нэгжийн нэр дээрх тээврийн хэрэгслүүдийн гаргасан зөрчлийг шалгахгүй явуулах, нүүрс ачих талбайгаас дараалалгүй орж, ашигт малтмал ачих зэрэг давуу байдал бий болгож, хахууль авсан хэмээн буруутгагдсан байна.
Нөгөө нь Өмнөговь аймгийн Гашуунсухайт дахь Гаалийн газрын зөрчлийн улсын ахлах байцаагч Э, хилийн 0131 дүгээр ангийн хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч А, мөн ангийн баримт бичгийн шалгагч У.Д, М.Д, Ж.Д нарын холбогдсон үйлдэл. Тэд нэр бүхий гурван иргэн, аж ахуйн нэгжийн ашигт малтмал ачсан тээврийн хэрэгслүүдийг Гашуунсухайтаас БНХАУ-ын Ганц мод боомт руу хил нэвтрүүлэхдээ гаалийн бүрдүүлэлт хийлгүй, мэдээллийн нэгдсэн санд оруулалгүйгээр, өмнө нь хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн улсын дугаараар бүртгэж давуулсан, хилээр гарах жагсаалтад ороогүй, гаалийн бүрдүүлэлт хийгээгүй автомашинуудыг хяналт шалгалтаар оруулалгүй улсын хилээр гаргаж бусдад давуу байдал олгон, хахууль авсан гэх хэрэгт шалгуулж дууссан аж.