Сүүлийн өдрүүдэд өрнөсөн болон түүнээс өмнөх дуулианд дарагдан мартагдах гэж буй нэг хэрэг бол Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг нарт холбогдох үйлдлүүд. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхээс Монгол Улсын Засгийн газар татгалзах хууль бус шийдвэр гаргаж, Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүст давуу байдал бий болгосон гэх хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаад бараг дуусжээ. Өдгөө энэ хэргийн яллагдагч нарт хавтаст хэргийг нь танилцуулж буй гэнэ.
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” (“Монголиан коппер корпорейшн”) ХХК 2016 онд худалдаж авахад хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд зааснаар бол ОХУ-ын Засгийн газар гэрээний нэг талын хувиар манай Засгийн газарт албан ёсоор хандах ёстой байсан. Гэтэл “Ростех” корпорацын захирал С.В.Чемезовын албан бичгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ 2016 оны зургадугаар сарын 13-нд татгалзсан билээ. Ийнхүү татгалзсанаар “Монголын зэс корпорац” ХХК-д 49 хувийг нь худалдахыг зөвшөөрсөн юм. Улмаар ОХУ-ын болон манай Засгийн газрын түвшинд уг асуудлаар ямар нэг шийдвэр гараагүй байхад “Монголын зэс корпорац” ХХК-ийнхан дүрмийн сангаа 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд 12 тэрбум төгрөгөөр нэмж, тухайн үеийн Улаанбаатар хотын банк дахь данснаас 5.02 сая ам.долларыг ОХУ-ын “Альфа” банканд шилжүүлж, худалдан авах ажиллагааг эхлүүлсэн байдаг.
Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар зэрэг нэлээд олон хүн энэ хэрэгт холбогдож байгаа. Түүгээр ч зогсохгүй Д.Эрдэнэбилэгийн талынхны авсан “Хөтөлийн цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, Хөгжлийн банкны хэргүүдийг нэгтгэхээр болсон гэнэ.
Энэ мэтээр олны анхааралд өртсөн “Дарханы зам”-ын, “Капитал” банкны зэрэг хэргийг АТГ-ынхан шалгаж, тун удахгүй шийдвэрлүүлэхээр ажиллаж буй аж.