Мансууруулах бодис бусдад борлуулсан хэрэгт холбогдсон Ц.Одцацрал гэх эмэгтэйг цар тахлын хөл хориотой, хил хаалттай байх үед Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполынхон Испаниас баривчлан манай улсад шилжүүлэн өгч байсан билээ. Түүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх өчигдөр прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцлээ. Эл эмэгтэйд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн есдүгээр сард хэлэлцээд цагаатгасан юм.
Ц.Одцацралыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдах хэргийг зохион байгуулж, 2018 оны дөрөвдүгээр сард Чингэлтэй дүүргийн нутаг, 23 дугаар сургуулийн баруун талын орон сууцад уг бодисоо хадгалж, Ё.Хулан гэх залууд олон сая төгрөгөөр худалдсан. Төлбөрөө тус дүүргийн нутаг дахь “Наран гуаша” салоны гадаа бэлнээр авсан хэмээн буруутгасан. НПГ-аас Ц.Одцацралд Эрүүгийн хуулийн 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг энэ оны долдугаар сарын 6-нд хэлэлцээд нээлттэй хорих ангид хоёр жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлээд байсныг давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн шинжгүй хэмээн цагаатгасан юм.
Харин Улсын дээд шүүх уг хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бага зэрэг өөрчлөлт оруулж, цагаатгасан магадлалыг хүчингүй болгосноор Ц.Одцацралыг ШШГЕГ-ын харьяа хорих ангид өчигдөр хүргэжээ. Өөрөөр хэлбэл, түүний мансууруулах бодис хадгалсан гэдэг үйлдлийг нь хүчингүй болгож, борлуулсан гэм буруутайд тооцон, хоёр жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.