Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 22 жилийн ойн хүрээнд Ардчилсан Нам (АН)-ын ээлжит бус XV их хурал өнөөдөр болж байна. Их хуралд 420 гишүүн танхимаар, 517 гишүүн цахимаар оролцож, хөгжил, шинэчлэл, эдийн засаг, аюулгүй байдал, ардчилал, эрх чөлөөгөө хамгаалах зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Нийгэм, эдийн засгийн хүнд үед АН-ын гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байна. Бид хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг дээдэлсэн баруун төвийн үзэл баримтлалтай нам. Хэдийгээр гаднаасаа хагарал зөрчилтэй харагдаж байгаа ч өнгөрсөн хугацаанд хүчирхэг байсаар ирсэн. Бидний дунд байгаа хэсэг нөхөд хэн нэгний дэмжлэгээр АН-ын дарга болно гээд сэрүүн зүүдлээд явж байгаа. Өндөр албан тушаалтай ямар ч эрх баригч манай намын дотоод үйл ажиллагаа, удирдлага, тамга тэмдгийг шийдвэрлэх ёсгүй” гэсэн юм.
Энэ өдөр мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Бид цаг үеийн асуудлаар хуралдлаа. Иргэд бухимдалтай байна. Тиймээс АН байр сууриа илэрхийлж байна. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг ил болгооч. УИХ-ын танхимд МАН-ынхан эрх барьж байхдаа би хулгайч, чи хулгайч гэж дуудалцаж байсан. Тавантолгойн захирлыг томилсон цаад хүнийх нь талаар бас ярьдаг. Энэ мэдээлэл яагаад ил болохгүй байна вэ. "Тавантолгой" компанид хэлтсийн даргаар ажиллаж байсан хүн Казахстан улсад орон сууцны хороолол барьж байгаа гэсэн мэдээлэл байна. Бусад зүйлээр асуудлыг аргацаадаг арга барил явахгүй. Эрх баригч намын 62 гишүүнээс 30-40 нь нүүрсний хулгайтай их, бага хэмжээгээр холбоотой гэсэн мэдээлэл бий. Ийм учраас тэд тухайн асуудлыг ил гаргаж чадахгүй байгаа. Энэхүү асуудалтай холбоотой этгээдүүдийг урд хөршид баривчилсан, шийтгэсэн, магадгүй заримыг нь цаазаар авсан гэсэн мэдээлэл гарч байна. Монголын төрийн 76 гишүүний 50 хувийнх нь хулгай хийж, худал хэлсэн мэдээлэл гадаад улсын тусгай албадад байна" гэлээ.
Мөн АН-ын бүлэг хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд нүүрсний хулгайн мэдээллүүдээ ил тод, олон нийтэд хүргэ гэсэн шаардлага хүргүүлсэн. Хоёр долоо хоногийн хугацаанд ямар ч мэдээлэл ил тод болсонгүй. АН-ын бүлгийн гишүүдээс хулгайн асуудалд холбоотой гэх мэдээллийг тарааж байна. Тийм том хэмжээний хулгайг эрх мэдэлтэй, албан тушаалтай мэдээлэлд ойр хүмүүс хийх боломжтой. Манай намын бүлгийн гишүүд тийм том хэмжээний хулгайд оролцоогүй гэдэгт итгэж байна гэсэн юм. Монгол Улсын төсвөөс том хэмжээний төсвийн асуудал яригдаж байна. Энэ бүхнийг хийсэн гэрээг ил болгох ёстой.
Нүүрсний хулгайг Ардчилсан намын эрх мэдэлгүй гишүүдэд нялзаагаад өнгөрөх санаатай. Д.Бат-Эрдэнэ, А.Адьяасүрэн холбоотой л гэдэг. Шалгасан эсэх нь тодорхойгүй. А.Адъяасүрэн гишүүний хувьд ямар нэгэн нүүрсний уурхайн орд байдаггүй. Нүүрсний тээвэр хийдэг компанитай байсан. Тээврийн үнэ, шатахууны үнийн өсөлт зэрэг олон шалтгаанаас бизнес хийх боломж нь хумигдсаар байгаад одоо ямар ч машингүй болж тээврийн бизнес нь хаагдсан. Энийг бол хамгийн эрх мэдэлтэй, мафижсан сүлжээнийхэн, гаалийнхан гээд хэн танилтай хүмүүс л хийж чадна. Тийм учраас А.Адъяасүрэн гишүүн ямар нэгэн хамаарал байхгүй гэдгийг АН-ын бүлгээс хариуцлагатай мэдэгдэж байна гэсэн юм.