УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн үүсгэн байгуулсан, эцсийн өмчлөгчөөр нь бүртгүүлсэн “Тэспетролиум” компанийн Дархан-Уул аймаг дахь нефть бүтээгдэхүүний агуулахад өчигдөр өглөө 09.20 цагт гал гарч гурван хүний амь эрсдэн, их хэмжээний бензин шатлаа. Тус аймгийн Дархан сумын III баг буюу нутгийнхны нэрлэдгээр “Деревня”-д байрлах дээрх компанийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахын ажилчид ээлж хүлээлцэж байхдаа нягтлан бодогч, нярав, харуул албан тушаалтай гурван хүн шатахууны савны дээр хэмжилт хийхээр гарсан гэх мэдээлэл эх сурвалжууд бидэнд өгөв. Энэ үед гэнэт дэлбэрч, агуулах дээр гарсан гурван хүний нэг нь шидэгдэн унаж, хоёр нь сураггүй болсон аж. Тухайн компани болон орон нутгийн иргэдийн хэлснээр хоёр хүн нь гал гарсан шатахууны агуулах руу унаж амиа алдсан байж болзошгүй гэнэ. Дэлбэрэлтийн үед газарт шидэгдэн унасан ажилчныг эмнэлэгт хүргэхээр авч явах замд нас барсан юм.
Гал гарсан тухай мэдээлэл авмагц Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22, 54 дүгээр ангийнхан түймрийн голомтод эхэлж очин бусад савнууд руу гал тархаахгүй байх, тухайн агуулахыг гадна талаас нь хөргөх арга хэмжээ авч маш их хэмжээний усаар шүршсэн аж. Тэдэнд дэмжлэг зүүлэхээр Сэлэнгэ, Орхон аймаг дахь Онцгой байдлын газрын харьяа ангиуд, Улаанбаатар хотоос 10, 26, 63 дугаар ангийн гал сөнөөгчид хөөсөөр гал унтраах тусгай зориулалтын машинтай очиж найман цаг гаруйн хугацаанд ажиллаж, 17.18 цагт гал түймрийн тархалтыг зогсоосон байна. Улмаар 18.44 цагт бүрэн унтраасныг ОБЕГ-аас мэдээллээ. Тус газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Дээр дурдсан газруудаас гал түймэр унтраах 10 анги, эрэн хайх аврах бүлгийнхэн нийлсэн 280 гаруй алба хаагч, зориулалтын 21 машинтай үүрэг гүйцэтгэлээ. Түүнчлэн Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн онцгой байдлын албанаас 22 албан хаагч, 60 тн усны нөөцтэй вагон цистерн тэнд ажилласан. Мөн тус аймгийн цагдаа, эрүүл мэндийн байгууллага, ЗДТГ-ынхан, Дархан-Ус суваг зэрэг байгууллагынхан нэмэлтээр үүрэг гүйцэтгэсэн байна” гэсэн мэдээлэл өгөв.
Галд өртсөн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав нь хоёр сая литр буюу 2000 шоо метр шатахууны багтаамжтай бөгөөд түймэр гарах ед түүнд 650 мянган литр (650 шоо метр) АИ-92 бензин байсан аж. Мөн уг савны зэргэлдээ байрладаг 400 мянган литр (400 шоо метр)-ийн багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зургаан саванд 200 гаруй тн шатахуун хадгалж байжээ. Гал гарсан саванд хадгалж байсан шатахууны 50 орчим хувь нь шаталгүй үлдсэн бөгөөд түүнийг аюулгүй болгох арга хэмжээ онцгой байдлын байгууллагаас авч буй гэнэ. Манай улсад өмнө нь газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын резевуар буюу ган хийцтэй босоо саванд ийм том хэмжээний гал түймэр гарч байгаагүйг онцгой байдлын байгууллагынхан тодотгоод нефть бүтээгдэхүүн импортлогч, борлуулагчдыг аюулгүй ажиллагааны холбогдох дүрэм журмаа сайтар мөрдөж ажиллахыг санууллаа.