Монголчууд байгалийн баялгаа ашиглаж “Өл залгадаг” ард түмэн. Тухайлбал, газар сэндийлж, эрдэс баялгаа экспортолж, амьтан агнаж, арьс, эд эрхтнийг нь зардаг. Мөн ойн дагалдах баялаг буюу хуш модны самар, ховор эмийн ургамлыг их хэмжээгээр түүж, зараад жилдээ хэдэн зуун тэрбум төгрөгийн орлого олдог аж. Ингэхдээ эвдсэн, сүйтгэсэн газар нутгаа судалж, нөхөн сэргээх зорилгоор орлогын тодорхой хувийг улсад тушаах хуультай.
Улсын санд байгалийн нөөц ашигласны төлбөр хэмээн жилд дунджаар 146 тэрбум төгрөг төвлөрдөг юм байна. Энэ мөнгөний 15-85 хувийг байгалиа нөхөн сэргээхэд төсөвлөж, зарцуулахыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд тодорхой заажээ. Гэвч аймаг, сумдын удирдах албан тушаалтнууд байгалиа нөхөн сэргээх ёстой мөнгөөр ширээ, сандал, машин техник авдаг учир Монгол орны гол мөрөн жилээс жилд цөөрч, газрын доройтол ихсэж буйг албаныхан онцоллоо.
Хойч үедээ өвлүүлэн үлдээх ёстой байгалийн баялгаа энэ цагт эзэн сууж буй “Дарга нар” цөлмөсөөр байгаа тул байгаль орчны салбарын шат, шатны төлөөлөгчид “Одоо больё, байдал арай биш боллоо” гэдгээ ойлгосон уу, яасан “Байгалийн нөөц ашиглалт - Орлого ба зарлага” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Ц.Уранчимэг: Байгаль нөхөн сэргээх мөнгөө сандал ширээнд зарцуулж байна
Тус хуралд АТГ, БОАЖЯ, Сангийн яам болон байгаль хамгаалагч, сумдын байгаль орчны улсын байцаагч зэрэг салбарын 350 гаруй албан хаагч оролцов. Тэд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлын үр дүнгийн талаар хэлэлцэв. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд 2012 онд баталсан боловч сүүлийн зургаан жилийн хугацаанд тус хуулийн хэрэгжилт 35 хувьтай гэх судалгааны дүнг гарчээ. БОАЖЯ-ны Усны зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг энэ талаар “Салбар хоорондын зохицуулалт, уялдаа холбоо муу, төлөвлөлт хийж чадахгүй байгаа тул хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Төлөвлөлт хийсэн ч байгалийн баялаг ашигласан орлогоо байгаль, ан амьтнаа хамгаалахад зарцуулдаггүй. Тиймээс хаана алдаа гарч, хэн хариуцлага алдав гэдгийг сумдын байгаль хамгаалагч, иргэдийн төлөөлөгчтэй хэлэлцэж, шийдэл олох нь тус хэлэлцүүлгийн гол зорилго. Хуульд хариуцлагын механизмыг тодорхой зааж өгөөгүй тул шийдвэр гаргах түвшинд, төлөвлөлтөд алдаа гарч буй нь өнөөдрийн хэлэлцүүлгээр тодорхой боллоо.
Өнөөдөр гурван байгаль хамгаалагч “Ус, самар зэрэг байгалийн баялгаа хамгаалж, ашигласан төлбөрийг нь улсын төсөвт оруулдаг. Гэвч эл төлбөрийн тодорхой хувийг буцаагаад тухайн газраа нөхөн сэргээх ажилд зарцуулдаггүй. Сумаас орж ирсэн орлогыг аймаг аваад, өөр ажилд зарцуулдаг” гэх асуудлыг дэвшүүлсэн. Эндээс “Хуулийн хийдэл” үүсэж буйг харж болно. Тиймээс эл асуудлыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар, зохицуулна.
Сүүлийн жилд байгалийн нөөц ашигласны 146 тэрбум төгрөгийн, 123 тэрбумыг байгалиа хамгаалахад бус өөр зүйлд зарцуулсан. Жишээлбэл, уул уурхайгаас орж ирдэг ус ашигласны төлбөрийг гүний усыг ашиглах, хөв цөөрөм байгуулах, усан бий болгох ажилд зарцуулдаггүй. Мөн агнуурын орлогыг бусад ан амьтнаа хамгаалах зарцуулах ёстой гэдгийг хуулиар зохицуулсан байдаг. Гэвч тухайн орлогыг ширээ, сандал, машин техник зэрэг өөр зүйлсэд зарцуулдаг асуудал маш их байна. Байгалийн нөөц шавхагддаг тул нөхөн сэргээх ажлаа эрчимжүүлэх шаардлагатай. Хуулиар юунд зарцуулахын тодорхой заасан байхад орон нутгийн удирдлага үүнийг судалж, зохицуулалт, төлөвлөлт хийж чадахгүй байна. Байгалийн нөөц ашигласан төлбөрийн хуулиа зуун хувь, жишээ нь газрын хэвлий, дагалдах баялгийг ашигласан төлбөрийг хуулийн дагуу зарцуулсан бол 8000 га газрыг нөхөн сэргээх байлаа” гэв.
Мод, ус, ан амьтад шүүхэд хандаж чадахгүй
Дээрх хуулийг хэрэгжүүлэхэд ямар асуудал тулгарч буй талаар “Байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-ын төлөөлөл Г.Эрдэнэцолмон “Байгаль хамгаалах тухай хуулийг 10 жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд ойн дагалдах баялгийг сэргээх ёстой 200 тэрбум төгрөг зориулалтын бус зүйлд зарцуулсан байх нь. Улмаар ойжуулалтын ажилд зарцуулах ёстой гэж үзвэл 300 сая мод тариад, ургуулсан байх хэмжээний төсвийг алдсан байна гэсэн үг. Хуулийн хэрэгжилт жилдээ 20-30 хувьтай байгаа нь маш хангалтгүй үзүүлэлт. Байгаль орчин, жилээс жилд доройтож, өдрөөс өдөрт муудаж буй учир байгалийн нөөцийг ашигласны төлбөрийн тодорхой хувийг хуульд заасны дагуу байгалиа сэргээхэд захиран зарцуулсан уу гэдэгт иргэний нийгмийн байгууллагууд хяналт тавьж ажиллаж хэрэгтэй.
Хууль хэрэгжихгүй байгаа гол шалтгаан нь улс төрийн тогтворгүй байдал. Тухайн сум, орон нутгийн иргэдийн төлөөлөгч сонгогдоод, эхний жилээ хуулиа ойлгоод, хоёр дахь жилээсээ хуулиа хэрэгжүүлэх гээд явж байтал сайд, дарга нар нь солигдоод, улмаар дөрвөн жил нь гүйцэж, дараагийн сонгууль болдог. Тогтвортой ажилладаггүй тул иргэдийн төлөөлөгчид нь мэргэжлийн түвшинд ажиллаж чадахгүй байна. Орон нутгийн удирдлагыг олон нийт сонгодог учир ард түмэндээ таалагдах гээд сургууль, зам барих ажилд хөрөнгө төсөвлөөд, байгаль орчноо хаядаг. Мод, ус, ан амьтад “Энэ бол миний мөнгө, намайг хамгаалахад зарцуулах ёстой” гэж тэмцэж, шүүхэд хандаж чадахгүй шүү дээ. Тиймээс нэгт, ард түмэндээ таалагдах зорилгоор төлөвлөгөө гаргадаг байдал, хоёрт, орон нутгийн удирдлагуудын мэдлэг, чадвар сул учир эл хуулийн хэрэгжилт хангалтгүй байна” гэлээ.
Байгаль нөхөн сэргээх нь маш өргөн сэдэв тул гурван цагийн дотор бүх асуудлыг шийдэх хэмжээнд хэлэлцэж амжаагүй ч, шийдлийн үзүүрээс барьсан болов уу. Хэлэлцүүлгийн үеэр сумд ажиллаж буй хүмүүст хуулийн мэдлэгийг сайжруулах сургалт орох шаардлагатайг удирдах албан тушаалтнууд онцоллоо. Мөн улсын төсвийг захиран зарцуулах хууль, байгалийн нөөц ашигласан төлбөрийн тухай хуулийн журмууд уялдаа холбоогүй байгаа тул дахин хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо.