УИХ дахь цөөнхийн бүлгийнхэн өчигдөр ээлжит хуралдаанаараа хот, хөдөөгийн олон бүсчилсэн хөгжлийн чиглэлээр эрх баригчдын өгсөн амлалтыг дүгнэн, хэлэлцжээ. МАН-ын мөрийн хөтөлбөрт дээрх бүлэг сэдвийн дагуу 207 зүйл бүхий амлалт байгаа ч биелсэн зүйл үгүйг АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл онцлов. Тухайлбал, нийслэлийн тулгамдсан асуудал болоод түгжрэл, утааг бууруулах чиглэлд ямар ч гарц, шийдэлгүй болсноо хүлээн зөвшөөрсөн эрх баригчид хүйтнээр далимдуулан сурагч, оюутнуудад хичээлийг нь цахимаар оруулна зэргээр аргацааж байгааг шүүмжиллээ. Мөн үйлдвэр, технологийн 10 парк барина гэсэн ч нэгийг нь ч бариагүй, тэдгээр нь цаасан дээр, ТЭЗҮ-д мөнгө үрснээс хэтрээгүйг дурдав. Түүнчлэн орлогод нийцсэн, ногоон байгууламж бүхий 100 мянган айлын орон сууц ашиглалтад оруулна хэмээн амласан нь ч биелээгүйг нэрлэлээ. Ингэхдээ төв, суурин газрын иргэдийн 70-аас дээш хувийг орон сууцад амьдруулна гэснийг нь эрх баригчдад сануулсан юм. Үүнээс адна 99 сумыг жишиг болгон, хөгжүүлэх тухай амлалт нь талаар болсныг онцлов. Бас аймгуудад нийт 5000 айлын түрээсийн орон сууцын сан бүрдүүлнэ хэмээсэн нь ч бүтэлгүйтжээ. Мөн нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх зорилт дэвшүүлсэн ч ИТХ-ууд хэлбэр төдий, дүр эсгэсэн байдлаар ажиллах болсонд эмзэглэж буйгаа илэрхийлсэн юм. Жишээ нь, Ховд аймгийн Засаг даргыг ИТХ нь бус, Ерөнхий сайд нь томилж, цөөн хэдэн аймаг нь санхүүгийн хувьд бие даахаар хичээж байгааг сөрөг хүчний удирдлага тодотголоо.
Энэ өдрийн хуралдаанаар тэд АН-ын эв нэгдлийг хангахын тулд ийн зүгээс бүхий л талтай, гишүүд, иргэд, олон нийттэй нээлттэй ажиллахаа илэрхийлэн, уриалга гаргасан байна.
Түүнчлэн Газрын багц хуулийн хэлэлцүүлгээс завсарлага авсан тэд шүүмжлэлтэй хандаж буй заалтуудаа онцлон ярив. Тухайлбал, газар чөлөөлөхдөө хүний эрхийг зөрчих, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхийг хязгаарлаж мэдэх заалтууд уг төсөлд бий гэлээ. Жишээ нь, орон нутагт газрын нэгдсэн төлөвлөлтөө өөрсдөө хийдэг байсныг болиулж, нэгдсэн мэдээллийн сан бий болгох нэрээр сумын газрын байцаагчийг төвөөс томилохоор тусгасныг эсэргүүцэж буй аж. Мөн нийтийн тусгай хэрэгцээнд ашиглах газрыг чөлөөлөхдөө үнэлгээг нь улсаас хийж, шаардлагатай бол албадлагын арга хэмжээ авахаар заасныг дэмжихгүй гэв. Тиймээс тэд завсарлагын хугацаанд салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.