Өмнөговь аймагт ажил, албан тушаалд томилогдсон хүмүүс хээл хахуулийн хэрэгт холбогдох явдал гарсаар байна. Тухайлбал, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Б.Дашцэнд тус аймгийн Ханбогд сумын Цагаан хад суурьшлын бүсэд албан үүргээ гүйцэтгэж байхдаа нүүрс тээврийн хүнд даацын машинуудыг шалгалгүй явуулсныхаа төлөө хахууль авсан хэрэгт холбогджээ. Тэрбээр М.Лхагвасүрэн гэх хүнээс пүүзний төлбөр гэж 280 000 төгрөг хясан боогдуулж, нэхэж шаардан авсныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлсэн аж. Бидний авсан мэдээллээр М.Лхагвасүрэн нь дээрх цагдаагийн алба хаагчийн утсаар холбогдож, нүүрс тээвэрлэн хилээр гарах гэж буй гурван автомашиныг шалгалгүй явуулж өгөх хүсэлт тавьсан юм байна. Улмаар Б.Дашцэнд Цагдаагийн албаны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй пүүзний төлбөрөө төлүүлсэн нь хахууль авсан гэж буруутгагдах үндэслэл болжээ. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.4-4, 22.5-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Прокурорын байгууллага энэ сарын 21-25-нд хэрэг бүртгэлтийн 28 040, мөрдөн байцаалтын 2803 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 89-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Тэдгээрийн дотор эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 51, өмчлөх эрхийн эсрэг 21, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 10, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашигласан болон авлигын тус бүр хоёр хэрэг багтжээ. Авлигын хэргүүдийн нэг нь дээрх цагдаагийн алба хаагчийн холбогдсон үйлдэл аж.