“Улс төрийн намд улсын төсвөөс мөнгө өгнө” гэвэл уурлах хүн олон байх биз. Гэвч та, бидний “татвар” гэж төлсөн мөнгөнөөс Улс төрийн намын тухай хуулийн дагуу УИХ-д суудалтай намуудын сонгуулиар авсан санал тус бүрийг 1000 төгрөгөөр үнэлж, тэдэнд нэг удаа олгож ирснийг харин хэд нь мэдэх бол. Хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хуулийг 2005 онд баталсан бөгөөд 2008, 2012, 2016, 2020 оны ээлжит сонгуулийн дараа парламентад суудалтай болсон намууд төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт авсан гэж ойлгож болно. Зөвхөн намд өгдөг учраас бие дааж сонгогдсон гишүүд ийм мөнгө авдаггүй. Үндсэндээ сүүлийн дөрвөн сонгуулиар УИХ-д суудалтай болсон МАН, АН, ИЗНН, МАХН, МҮАН болон МАХН-ын “Шударга ёс”, “Зөв хүн-Электорат”, Та, бидний эвсэлд улсын төсвөөс 8.6 тэрбум орчим төгрөг өгчээ. Ихэвчлэн олонх, бүр үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн МАН-д 4.3 тэрбум төгрөг буюуталаас илүүг нь олгосон байгаа юм.
Төсвөөс авсан намуудын мөнгө үүгээр дуусахгүй. УИХ-д авсан суудлынх нь тоогоор буюу гишүүн тус бүрт жилд 10 сая төгрөгөөр тооцож, намуудад улсын төсвөөс санхүүжилт олгох хуулийн заалт бий. Ямар сайндаа л МАХН-ыг 2016-2020 онд “УИХ-д суудалтай” гэх тодотголтой болгож байсан О.Баасанхүүг Н.Энхбаяр тэргүүтэй удирдлага нь намаасаа хөөж, туух атлаа “суудлын 10 сая”-аа авмаар байна, нам руу яаралтай шилжүүл” хэмээн сандаргаж байсан гэдэг. Өдгөө 62 гишүүнтэйгээр үнэмлэхүй олонх болсон МАН жилд 620 сая буюу 2020 оноос хойш бараг хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт аваад байна. Бүрэн эрхийн хугацааг нь дуустал жил бүр энэ мөнгийг олгоно гэсэн үг. Нэг парламентын хугацаанд гурван тэрбум гаруй төгрөг гэж тооцвол сүүлийн дөрвөн УИХ (2024 оныг хүртэл)-д сонгогдсон 304 гишүүний нэрээр намуудад нь 12.1 тэрбумыг төсвөөс шилжүүлжээ. Мөн л Ардын намаас хамгийн олон гишүүн сонгогдсоны хувьд 2024 он гэхэд авсан мөнгө нь 7.6 тэрбум төгрөгт хүрэхээр буй юм. Ингээд сонгуулиар авсан саналын тоонд үндэслэж олгодог, нэг удаагийн санхүүжилтээс гадна гишүүдэд өгдөг “10 сая”-ыг нь оролцуулаад тооцвол өнөөгийн эрх баригчдад өгсөн мөнгө бараг 12 тэрбумыг давах нь.
Харин энэ хугацаанд УИХ-д суудалтай болсон цөөн хэдэн нам, эвсэлд нийтдээ 20.8 тэрбум төгрөг өгчээ. Харамсалтай нь, энэ мөнгийг намууд хэзээ, хаана, хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй. УИХ-д суудалтай намууд “суудлын” болон “саналын” мөнгөө нэхэж л мэдэхээс хэрхэн зарцуулснаа тайлагнаж байсангүй. Улс төрийн намын тухай хуульд ч тодорхой зүйл муутай. Тухайлбал, уг хуулийн 19 дүгээр зүйл буюу “Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг”-т дээр дурдсан хоёр төрлийн санхүүжилтийн “50 хувийг УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна” гэснээс өөрөөр зориулалтыг нь заасан зүйл алга. Нэгэнт тайлагнадаггүй учраас дээрх санхүүжилтийн талыг нь тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулж буй, эсэх нь ч эргэлзээтэй. Учир нь нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, олон нийтэд мэдээлэхээр хуульд заасан ч хянах эзэнгүй, тайлан гаргалаа гэхэд ямар байгууллага хүлээж авч, шалгах тухай зохицуулалтгүй, хариуцлагын тогтолцоо сул тул үүнийг хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй гэхэд болно. Намын бүтцийн байгууллага нь санхүүжилтээ хянаж, хариуцлага тооцохоор байгаа нь ч амьдралд үл хэрэгжих нөхцөл юм.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар ч намууд санхүүгийн тайлангаа олон нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй ч үүнийгээ биелүүлдэггүй. Үндэсний аудитын газар 2007 онд төсвөөс намуудад олгож байгаа санхүүжилтэд гүйцэтгэлийн аудит хийж, төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжуулаагүй, 50 хувийг нь тойрогт зарцуулаагүй гэх мэт зөрчил илрүүлэн, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад зөвлөмж хүргүүлсэн ч биелүүлээгүй. Цаашлаад Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон Шилэн дансны зэрэг цөөнгүй хуульд заасанчлан улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага хүртэл санхүүжилтээ ил тод мэдээлэх үүрэг хүлээсэн ч улс төрийн намууд үүнээс мөн л ангид байж ирсэн юм. Ер нь намын санхүүжилт олон нийтэд битгий хэл, гишүүддээ ч хаалттай.
Уг нь манайд улс төрийн намууд авлига их тархсан байгууллагуудыг тэргүүлж, улстөрчдөд олон нийт итгэлгүй болж, “муусайн намууд” хэмээн АН, МАН тэргүүтнийг муулж, “Мөнгө өгч болохгүй” гэж буйгаас бус, дэлхийн хэмжээнд намуудад олгох төсвийн санхүүжилт энэ мэт хэлбэрээр улам өсөж байгаа юм билээ. Ардчилал, сонгуульд туслах олон улсын хүрээлэн (International IDEA)-гийн хийсэн судалгаанд хамрагдсан 180 орноос намууддаа улсын төсвийн дэмжлэг тогтмол олгодог нь 64, сонгуулийн үр дүнд үндэслэн өгдөг нь 40 байгаа талаар дурджээ. Намуудад ингэж төсвөөс дэмжлэг үзүүлэх нь тэднийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын нөлөөнд автахаас сэргийлэх, бие даасан, хараат бус байдлыг нь нэмэгдүүлэх, авлигын мөнгийг намуудаар дамжуулан “угаах” нөхцөлгүй болгох, цаашлаад бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлоос төрийг хамгаалах зэрэг олон ач холбогдолтой гэдэг.
Нөгөө талаас парламентад суудалгүй намуудад төрөөс санхүүгийн ямар ч дэмжлэг олгодоггүй нь УИХ-д тухалсан хэд нь цөөн этгээдээс томоохон санхүүжилт авах, улмаар улс төрийн шийдвэрт нөлөөлөх, өөрт ашигтай байдал бий болгохоос гадна олон намын тогтолцоог үгүй хийх сөрөг талтайг судлаачид хэлдэг. Өөрөөр хэлбэл, УИХ-д авсан суудлын тоогоор санхүүжүүлэх нь сонгогдсон цөөн намыг л дэмждэг. Гэхдээ босго тавихгүй бол намууд борооны дараах мөөг шиг олшрох аюултай. Гуравхан сая хүн амтай атлаа гучин хэдэн намтай манай улсад энэ нь нэмэр бус, нэрмээс болно. Улс төрийн намын зорилгоо умартаж, өнөөг хүртэл сонгуульд оролцолгүй явж ирсэн нь ч бий. Ардчилал, сонгуульд туслах олон улсын хүрээлэнгийнхний хийсэн, дээр дурдсан судалгаанд хамрагдсан орнуудын дунд парламент дахь намуудын суудлын тоог харгалзахаас илүүтэй саналын хувь, хэмжээг нь бодолцож, төсвөөс санхүүжилт олгодог нь олон аж. Ташрамд дурдахад, Унгар, Болгар, Австри, Францад нэг, Япон, Канад, Мексик, Латвид хоёр, Норвегт 2.5, Орос, Чех, Польш, Литвад гурав, Австралид дөрөв, Туркт долоон хувь ба түүнээс дээш сонгогчдын санал авсан намууд төсвөөс дэмжлэг авах эрхтэй болдог юм байна.
Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхээр УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулаад буй. Намуудын санхүүжилтийг шилэн, ил тод, нээлттэй байлган, хяналтыг нь сайжруулах нэлээд зохицуулалт оруулахаар ярилцсанаа уг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлсэн юм. Тухайлбал, намуудад төрөөс олгох санхүүжилтийн 20-иос доошгүй хувийг нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангахад зориулах заалтыг төсөлд тусгасан гэнэ. Мөн 30-аас доошгүй хувийг нь тухайн нам гишүүд болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд зарцуулах ёстой хэмээн заажээ. Улмаар эдгээрийг биелүүлж буй, эсэхийг тайлангаас нь хянаж, шаардлагатай бол хариуцлага тооцохоор тусгах аж. Үнэхээр л хэчнээн тэрбумаар нь авчихаад түүнийгээ юунд зарцуулснаа огтхон ч тайлагнахгүй л юм бол тэднийг төрөөс санхүүжүүлэхийн хэрэг юу билээ.