Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхэд Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээлээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас
"Эх орныхоо байгаль, ан амьтан, түүх, соёлын дурсгалыг хайрлан хамгаалах үйлсэд 40 шахам жилийн хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, хамгаалалтын захиргааг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, тогтвортой аялал жуулчлал, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд идэвх санаачилга гарган ажилласан хичээл зүтгэл, цэнгэг усны гол нөөц болсон Хөвсгөл нуур, Хөвсгөлийн хойд тайгын тусгай хамгаалалттай газрыг удирдлага арга зүйгээр хангаж, байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Жалын Төмөрсүхэд Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв" хэмээн мэдээллээ.
Монголын хоймор нутгийг хайрлан хамгаалах ариун их үйлсэд өөрийн бүхий л амьдрал, чин зориг, сэтгэл зүрхээ зориулан уул хангай, ургамал амьтан, хүн ардынхаа энх тайван сайн сайхны төлөө хүчин зүтгэсэн таныхаа алдар гавьяанд мэхийн ёсолъё.