Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (ХСУХАТАҮЗЗ)-ийн даргаар ажиллаж байсан Э.Пүрэвжав нарт холбогдох хэргийг АТГ-ынхан нэмж шалгаж дуусжээ. Уг хэргийг өнгөрсөн гуравдугаар сард яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэхээр болсон ч зайлшгүй нэмж тодруулах зүйл байна гэж прокурор, шүүхээс үзэн АТГ-т буцаасан юм. Эл хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэлээд удааширч байгаа билээ. Тодруулбал, 2018 оны нэгдүгээр сард шүүхэд шилжүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлж байсан ч дөрвөн жил гаруйн хугацаа өнгөрөхөд гэм буруутай, эсэхийг нь эцэслэн шийдвэрлүүлж чадаагүй байна.
ХСУХАТАҮЗЗ-ийн дарга асан Э.Пүрэвжав эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрсөн эгч Э.Золзодмаа нь гүйцэтгэх захирлаар ажилладаг, Ж.Төгсбаяр гэх хүний нэр дээр байгуулсан “Түмэн наяд хайрхан” компанид давуу байдал бий болгож, дээрх зөвлөлд 94.5 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 2016 оны дөрөвдүгээр сарын 12-ны 51 дүгээр захирамжаар уг албан тушаалд Э.Пүрэвжав томилогдон ажиллаж байхдаа иргэн Ж.Төгсбаярын нэр дээр 2016 оны тавдугаар сарын 20-нд байгуулсан, Э.Золзодмаа гүйцэтгэх захиралтай компанитай мөн оны зургадугаар сард нь нэг жилийн хугацаатай сарын дөрвөн сая төгрөгөөр талбай түрээслэх гэрээ байгуулж, “Union building” барилгад 300 ам метр ажлын байр ХСУХАТАҮЗЗ түрээслэн авсан аж. Гэвч түүнийгээ цааш нь дамжуулан 7.5 саяар түрээслэх давхар гэрээ байгуулж, 2017 оны гуравдугаар сард ХСУХАТАҮЗЗ-өөс төлбөрийг нь бүрэн шилжүүлэн 94.5 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгаж буй юм билээ. Ийнхүү халхавч байдлаар хийсэн гэрээнийхээ төлбөрөөс 50 саяыг нь хувьдаа авсныг АТГ-ынхан шалгалтаар тогтоосон гэнэ. Уг нь түрээслэгч байгууллагатай гэрээ хийхдээ “Түрээслэгч нь өөрийн түрээсэлсэн талбайг гуравдагч этгээдэд дамжуулан худалдахболон түрээслүүлэхийг хориглоно” гэсэн заалт оруулсан ч Ж.Төгсбаяр, Э.Золзодмаа нар зөрчсөн гэдэг. Прокурорын байгууллагаас Э.Пүрэвжав, түүний эгч Э.Золзодмаа, иргэн Ж.Төгсбаяр нарт Эрүүгийн хуулийн 17.4-т заасан эд хөрөнгө завшсан, 22.1-ийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэмээн яллагдагчаар тооцоод байгаа юм.