Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Америкийн Нэгдсэн Улсын иргэн, эрдэмтэн судлаач Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв.
Профессор Жак Уэтерфорд бол Америкийн улс төрийн түүх, Монголын түүх, тэр дундаа Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар томоохон судалгааны ажлууд хийж, олон арван ном бүтээл туурвин, олон улсад өндрөөр үнэлэгдсэн нэрт эрдэмтэн судлаач юм.
Мөн тэр бээр 1998 оноос хойш манай улсад олон удаа ирж нийт 40 орчим хээрийн судалгааны ажил, экспедиц зохион байгуулан “Монголын нууц товчоо”-нд өгүүлдэг түүхэн газруудаар явж, Монголын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж Чингис хаан судлал болон монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.
Манай улсын нэрт эрдэмтэн, академич Дэчингунгаагийн Доржготов бол Их эзэн хааны өвлүүлэн үлдээсэн эх орныхоо газар нутаг, хөрс шороо, цаг уур, байгаль орчны судлалын тэргүүлэх эрдэмтэн бөгөөд Монгол орны хөрсний гарал үүсэл, газар зүй, ангилал, шинж чанар, үржил шим, чанарын үнэлгээний талаарх онолын суурь судалгааг хөгжүүлж, хөрс судлалын шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан юм.
Тэрбээр хөрсний суурь судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэхэд чухал үүрэгтэй хөрсний зураглалаар дагнан ажиллаж, 1975 онд Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, мөн анх удаа сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, монголын газрын хөрсний хэв шинж, орон зайн бүтэц, тархалтыг дүрслэн харуулсан.
Түүний судалгаа манай орны бүх төрлийн хөрсний нөөцийг тооцон гаргах боломжийг бүрдүүлснээрээ зураг зүйн үнэ цэнтэй ховор бүтээл хэмээн зүй ёсоор үнэлэгддэг билээ.
Түүнчлэн академич Д.Доржготов 1984 оноос хойш Монгол Улсын анхны “Үндэсний атлас” зохиох эрдэмтэн судлаачдын багт оролцож, удирдан зохион байгуулж, 1990 онд орос, монгол хэлээр 16 сэдэвчилсэн бүлэг бүхий 300 орчим газрын зураг, схемийг багтаасан “БНМАУ-ын Үндэсний атлас” хэмээх анхны үндэсний атласыг хэвлүүлж, 2009, 2022 онд “Монгол Улсын Үндэсний Атлас”-ыг шинэчлэн хэвлүүлэх ажлыг удирдсан байна.