“Эрдэнэт үйлдвэр”-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг нарт холбогдох хэрэгт хамааралгүй гэж хэдхэн хоногийн өмнө Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж цагаатгаад буй билээ. Тэгвэл түүнд холбогдох өөр нэг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, хахууль авсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн байна. Г.Амарбат нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар 2010-2013 онд ажиллахдаа тус үйлдвэртэй зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилладаг “Трафигура бехеер Амстердам”, “Таурус металс” компанийн ашиг сонирхлын үүднээс тээвэрлэлтийн хуваарийг эдгээр аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу өөрчилснийхөө хариуд их хэмжээний хахууль авсан аж.
Тодруулбал, Их Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Гарланд маркетинг” компанийн Латви улсын “Ритуму” банканд эзэмшдэг дансаар дамжуулан 2006 оноос эхлэн 2014 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд 32 000-109 000 гаруй, нийт 678 000 ам.долларын хахууль авсан хэрэгт буруутгагдаад буй гэнэ. Түүнд хахууль өгсөн гадаадын дээрх хоёр компани нь өөрсдийнхөө дансаар бус, нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгж болох “Grinder trade Investment”, “Noble phonenix limited”-ээр дамжуулан шилжүүлж байсныг Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдсэн орнуудын тусламжтайгаар гаргуулан авсан нотлох баримтад үндэслэн АТГ-ынхан тогтоосон гэнэ. Уг мөнгөө Латви улсын “Ритуму” банканд нээлгэсэн өөрийнхөө дансаар дамжуулан авч хувийн хэрэгцээндээ зарцуулаад тогтохгүй, 670 гаруй мянган ам.доллароо 540 мянган еврод шилжүүлэн мөнгө угаасан хэмээн Г.Амарбатыг буруутгаж буй аж.