УИХ дахь АН-ын бүлгийнхэн өчигдөр ээлжит хуралдаанаараа эрх баригч МАН-ын өнгөрсөн сонгуулийн амлалтыг үргэлжлүүлэн дүгнэлээ. Энэ удаа байгаль орчин, экологийн чиглэлийг онцолж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангахаар тусгасан мөрийн хөтөлбөрийн заалтаа биелүүлээгүйг шүүмжлэв. Тухайлбал, агаарын бохирдол Улаанбаатар төдийгүй 21 аймагт үлэмж нэмэгдсэнийг дурдлаа. 2018 онтой харьцуулахад агаар дахь угаарын хий 2.7 микрограмм байсан нь өдгөө 4.6-д хүрсэн бол хүхрийн давхар ислийн хэмжээ мөн үеэс дөрөв дахин өсжээ. Мөн PM2.5 тоосонцрын хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрснөөс 27 дахин их болсныг анхааруулав. Жишээ нь, эл тоосонцрын хэмжээ нийслэлийн Баянхошуу орчимд 324, Завхан аймагт 384 байгаа нь маш аюултай, Арвайхээрт 263-ыг зааж буй нь маш муу түвшнийг илтгэж буй хэрэг гэв. Түүнчлэн 10 нас баралт тутмын нэг нь утаа, агаарын бохирдлоос үүдэлтэй байгааг эрдэмтэд тогтоосон ч эрүүл мэндийн болон бусад мэргэжлийн байгууллагынхан мэдээллийг нууж байгаа хэмээн цөөнхийн бүлгийн гишүүн Н.Ганибал хэллээ. Үүнээс гадна сайжруулсан түлшний чанар жилээс жилд муудаж, агаарын бохирдлыг бууруулах үүнээс өөр шийдэлгүй болсноо эрх баригчид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв. Мөн ард иргэдийг баталгаатай ундны усаар хангах амлалт хангалтгүй байгааг дурдлаа. Улаанбаатарын хэмжээнд иргэдийн 54.3 хувь нь зөөврийн усыг ахуйдаа хэрэглэж буй бөгөөд инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлэх чиглэлд ажил хийгээгүй, төлөвлөгөө ч байхгүйг сөрөг хүчнийхэн нэрлэв. Н.Ганибал гишүүний хэлснээр 12 аймгийн 35 сумын ундны усан дахь нянгийн хэмжээ байх ёстой түвшнээс өндөр гарчээ. Цаашлаад тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөжүүлэх, уул уурхайн тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг нээлттэй болгох зэрэг амлалтаа биелүүлээгүй хэмээн дурдсан юм.
Үүнээс гадна цөөнхийн бүлгийнхэн Газрын багц хуулийн төслийг хэлэлцэж, бэлчээр болон тариалангийн талбайтай холбоотой зохицуулалт хангалтгүй байгааг шүүмжлэв. Нөгөө талаас салбарын сайд нарыг нь байлцуулан, уг төслийг цогцоор нь хэлэлцэх ёстой гэдэгт санал нэгдсэн байна.