Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын улсын байцаагч Г.Эрдэнэдалайд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүллээ. Тэрбээр санхүүгийн баримт хуурамчаар үйлдэж, 12 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон нэгэн аж. “Тэнүүнсайхан ундрагахан” ХХК-ийг үүсгэн байгуулагч С.Үрэлээ 2018-2020 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй гэж Х тайлан татварын албанд гарган өгчээ. Гэтэл тухайн тайлан, санхүүгийн баримт нь хуурамч байх магадлалтай байсан гэнэ. Г.Эрдэнэдалай үүнийг нь мэдсэн хэрнээ дээрх компанийн захиралд давуу байдал бий болгож, онцгой албан татварын тэмдэг олгосон хэрэгт холбогджээ. Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 756 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас есийг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсний нэг нь татварын байцаагч дээрх хүнд холбогдох үйлдэл аж. Мөн өнгөрөгч долоо хоногт хэрэг бүртгэлтийн хоёр хэргийн 33 объектод нэгжлэг хийсэн нь “Тавантолгой төмөр зам” компанийн удирдлагатай хамааралтай байсан билээ.