Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Автотээврийн ндэсний төв (АТҮТ) хэмээх төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж буй төрийн дунд шатны албан тушаалтнууд байсхийгээд л авлигын хэрэгт холбогддог. Шүүхээр шийдвэрлэсэн нь ч олон. АТҮТ-ийн албан тушаалтнууд удаа дараа авлигын хэрэгт холбогдоод байгаа шалтгаан нөхцөлийг харьяалах яам болон тус ТӨҮГ-ын удирдлага анхааралдаа авч, арга хэмжээ авдаггүй гэхэд хилсдэхгүй нь. Учир нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тус төвийн албан тушаалтнуудын холбогдсон хэргийг шалгаж дуусаад мөрдөгчийн мэдэгдэл 2019, 2020 он гээд жил бүр удаа дараа өгч, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгуулах ажил, арга хэмжээ зохиож, эргэж танилцуулахыг ЗТХЯ-нд ч, АТҮТ-ийн удирдлагад ч хүргүүлж байсан юм. Харамсалтай нь, ЗТХЯ-ныхан ч, АТҮТ-ийнхөн ч нүглийн нүдийг гурилаар хуурсан болоод өнгөрдгөөс ажилтнуудынх нь дунд хээл хахуулийн хэрэг тасрахгүй байгаа гэхэд хилсдэхгүй.
Албан тушаалын хэрэгт холбогдсон ажилтнуудаа чөлөөлөөд оронд нь хэн нэгний гуйлга, танил тал, ар, өврийн хаалгаар өөр хүн ажилд авдаг байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, ЗТХЯ, АТҮТ-ийнхөн тус ТӨҮГ-т газарт ажилд орж буй хүмүүсээ судлахгүй, боловсон хүчний бодлого нь алдагдсанаас амар хялбар аргаар мөнгө олох гэсэн дунд шатны албан тушаалтнууд нь энэ төрлийн хэрэгт холбогдсоор байгаа нь харамсалтай. Бидний авсан мэдээллээр АТҮТ-д ажилд орж буй хүнд тавих шалгуур үзүүлэлт, авдаг шалгалт гэж бараг байдаггүй нь хэн нэгний үзэмжээр, танил талаа ажилд томилуулах магадлал маш өндөр гэсэн үг. Албан тушаалтнууд нь удаа дараа авлигын хэрэгт холбогдож байгаа явдалд АТҮТ-ийн удирдлагад ч дорвитой хариуцлага тооцсон нь үгүй. 2019 оноос хойш тус төвийн даргаар нэг л хүн ажилласаар буй билээ. Түүнээс хойших дөрвөн жилийн хугацаанд харьяа салбар, нэгжийнх нь нэлээд олон ажилтан авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдоод байгаа юм.
ЗАМЫН-ҮҮДИЙН АТҮТ-ИЙН ДАРГАА А.ХАТАНСАЙХАН НАРЫН ГЭМ БУРУУГ УДАХГҮЙ ДЭНСЭЛНЭ
Өмнөд хөршөөс ирүүлдэг ачаа тээвэр гацсантай холбоотойгоор 2021 оны зун Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд сумд ажиллаж, хууль зөрчсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн билээ. Тэгэхэд АТҮТ-ийн дээрх сум дахь салбарын дарга, улсын начин А.Хатансайхан, Замын цагдаагийн хэсгийн дарга, хошууч Х.Уранбаяр тэргүүтэй хүмүүсийн заримыг хойшлуулшгүйгээр баривчилж байв. Энэ хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн юм. Тэгвэл НПГ-аас А.Хатансайхан тэргүүтэй албан тушаалтнуудад яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. Уг хэрэгтэй шүүгч танилцаж буй бөгөөд хэрэгт холбогдогчдын гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлын товоо хараахан гаргаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад АТҮТ-ийн Замын-Үүд салбарын дарга А.Хатансайхан, Замын цагдаагийн хэсгийн дарга, хошууч Х.Уранбаяр, “Зам, тээврийн хөгжлийн төв”-ийн харьяа “Замын-Үүд” төлбөр авах цэгийн ахлах ажилтан С.Саруул, оператор Б.Уянга нар хамтарч албан тушаалаа урвуулсан нь тогтоогдсон аж. Тэд Монгол Улсын MNS4598:2011 стандартад заасан авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслүүдийг Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлд зорчиход жинлэлгүй, төлбөр авах цэгээр саадгүй нэвтрүүлэх үүрэг өгч, явуулсан хэрэгт холбогдоод буй. Мөн А.Хатансайхан нь 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээс 2021 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд Замын-Үүд хилийн боомтоор БНХАУ руу нэвтэрч ачаа ачихаар иргэн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслүүд ирсэн дарааллаараа дугаарласан байхад тэр дараалалд ороогүй автомашинуудыг нэвтрүүлэхийн тулд албан тушаалаа урвуулан ашигласныг ч АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон аж.
Дээрх албан тушаалтнуудад холбогдох хэргээс гадна АТҮТ-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг ч АТГ-ынхан шалгаж дууссан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тус салбарын удирдлага нь үзлэг, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг орсон мэтээр бүртгэл хийлгэх гэсэн хүнээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Цагаан хад суурьшлын бүсэд байрладаг “Дорнын өртөө” ХХК-ийн кэмп болон бусад газарт их хэмжээний юань, төгрөг хахуульд авсан хэрэгт холбогдсон бөгөөд нийт 37.5 сая төгрөг халаасалсныг хууль сахиулах байгууллагынхан тогтоосон аж. Үүнээс гадна “Итайкар” ХХК-ийн 44, “Их хүрэн хар” ХХК-ийн гурав, “Монпорт” ХХК-ийн 30, “Тавантолгой шин” ХХК-ийн 122 тээврийн хэрэгслийг шалгаж, оношлохгүйгээр “тэнцсэн” гэсэн дүгнэлт гаргаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт ч холбогдоод буй гэнэ.
К.АЙДОС НАР БНХАУ-ЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСНЫГ ТОГТООЖЭЭ
АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос, мэргэжилтэн С.Онон, Г.Мэндбаяр зэрэг албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль авсан хэрэгт холбогдуулан өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд АТГ-ынхан шалгаж эхэлснийг бид цаг тухайд нь мэдээлж байв. Тэднийг олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл гаргаж, бусдаас хахууль авсан гэж буруутгасан билээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар ямар нөхцөл байдал тогтоогдсон талаарх мэдээллийг бид олж авлаа. Эх сурвалжуудын өгүүлснээр К.Айдос, Г.Мэндбаяр нар албан тушаалаа урвуулж БНХАУ-ын иргэн Ву Юундалай болон хэд хэдэн компанид давуу байдал бий болгосон нь тодорхой болсон гэнэ. Түүнчлэн К.Айдос өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр “Эн Эч Ай Ди Эл Дүүлэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Г.Мэндбаяр нь нэгэн аж ахуйн нэгжийн удирдлагаас таван сая төгрөгийн хахууль авсан нь ч батлагдсан гэх. Дээрх хоёр хүнтэй хамт АТҮТ-ийн Хяналтын тасгийн авто тээврийн хяналтын мэргэжилтэн С.Ононг холбогдуулан шалгаад “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-д давуу байдал бий болгосон, “iPhone-13” загварын гар утсыг 2021 оны сүүлчээр хахуульд авсан хэмээн буруутгасан байна. К.Айдос, Г.Мэндбаяр, С.Онон нарыг Эрүүгийн хуулийн 22.1-т заасан албан тушаалаа урвуулсан, 22.4-ийн бусдаас хахууль авсан гэж буруутган яллагдагчаар тооцсон бол Л.Балдорж, Б.Даваа нарт албан тушаалтанд хахууль өгсөн гэж яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
“ЕСӨН ШИЖИР” ББСБ-ЫНХНААС ХАХУУЛЬ АВСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
АТҮТ-ийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, тасгийн даргаар ажиллаж байсан О.Адъяасүрэн, “Есөн шижир” ББСБ-ын хувьцаа эзэмшигч Б.Наранчимэг, үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Азжаргал тэргүүтэй хүмүүс нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан талаар бид өнгөрсөн сард мэдээлсэн. Уг хэргийг давж заалдах шатны шүүх хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ. АТҮТ-ийн албан тушаалтан О.Адъяасүрэн, М.Дархижав, Ч.Мөнхзул, Г.Шүрэнчимэг нарын бусдаас 6.4 сая гаруй төгрөгийн хахууль авсан үйлдлийг 2019 оны арваннэгдүгээр сард ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд илрүүлэн шалгасан билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдний зарим нь “Есөн шижир” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй 31 автомашины есөн сая гаруй төгрөгийн торгуулийг төлүүлэхгүйн тулд удирдлагаас нь хахууль авсан нь тогтоогдож, шүүх ч тэднийг гэм буруутай гэж дүгнэсэн юм.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн наймдугаар сард хээл хахууль авсан, өгсөн 21 хүний холбогдсон хэргийг хэлэлцээд АТҮТ-ийн албан тушаалтнуудыг хамтран хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасаж, 10-12 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Харин тэдэнд хахууль өгсөн “Есөн шижир” ББСБ-ын удирдлага тэргүүтэй хүмүүсийн заримыг нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасаж, 2.7 сая төгрөгөөр торгосон бол нэг хэсэгт нь зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноосон билээ.
Түүнчлэн АТҮТ-ийн Архив, лавлагааны тасгийн ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбулаг “азын” гэх дугаар наймаалж, хахууль авсан хэрэгтээ бас ял шийтгүүлээд буй. Тэрбээр Х.Ариунбаяр, С.Мэндбаяр, С.Саруул, У.Батболд нарт 1888 УАМ, 1111 СЭА, 1001 УАН зэрэг улсын дугаар олгож, давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Эрдэнэбулагт холбогдох хэргийг хэлэлцээд нийтийн албанд томилогдох эрхийг нь гурван жил хасаж, 18 сая төгрөгөөр торгох ял оноосон юм.
Б.ХҮДЭРБОЛДЫГ 15 САЯ ТӨГРӨГРӨӨР ТОРГОВ
АТҮТ-ийн Дорноговь аймаг дахь салбарын даргаар ажиллаж байсан Б.Хүдэрболдод Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулсан, 22.4-т заасан бусдаас хахууль авсан, 22.10-ын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх заалтын дагуу буруутган яллах дүгнэлт үйлдсэн талаар бид өнгөрсөн есдүгээр сард мэдээлж байв. Түүнийг дээрх салбарын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж 2020 оны долдугаар сарын 21-нд иргэн А.Баттулгын 3536 ДГС улсын дугаарыг 11-11 ДГН гэсэн дугаараар сольж олгосныхоо хариуд хоёр сая, Дорноговь аймаг дахь “Монгол даатгал” ХК-ийн захирал Б.Хонгорзулаас “Нью кардинал” ХХК-ийн 67 тээврийн хэрэгслийг даатгуулсны хариуд гурван ч удаа багагүй хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгасан юм. Мөн өөрийн хамаарал бүхий “Чандмань цагаан хад” ХХК-д давуу байдал бий болгож, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл гаргуулан авч, нүүрс тээвэрлэх бизнес эрхлэн их хэмжээний ашиг олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж буруутган мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. Шүүхээс Б.Хүдэрболдыг иргэн А.Баттулгаас хоёр сая төгрөгийн хахууль авч албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 15 000 нэгжээр торгох ял оноосон бол хахууль өгсөн А.Баттулгын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, гурван сая төгрөгөөр торгосон юм. Тэдний хахуульд өгч, авсан хоёр сая төгрөгийг улсын орлого болгожээ.
Эдгээрээс өмнө АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаяр “Виктори көүл транс” болон түүний охин компани болох “Хероесвин” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй автомашинуудад олон улсын ачаа тээврийн 200 ширхэг С зөвшөөрөл олгохдоо 56.7 сая төгрөг бусдаар дамжуулан хахууль болгож авсан, дээрх төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэл, хяналтын тасгийн дарга байсан Ч.Болор улсын гарьд Ө.Бат-Орших болон иргэн Б.Доржсүрэн нараас тус бүр нэг сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэснийг бид цаг тухайд нь мэдээлсэн билээ. Мөн АТҮТ-ийн тээвэрлэлт эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ш.Батсайханд холбогдох хэргийг шийдвэрлэж чадалгүй, шүүх, прокурор, мөрдөх байгууллагын дунд нэлээд хугацаанд “шидэлцсэн”. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 онд түүнд 6.5 сая төгрөгөөр торгох ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасах шийдвэр гаргажээ. Тэрбээр эрх мэдлээ урвуулан ашиглаж, “Таван толгой шин”, “Хероесвин”, “Мөнх төгөл од”, “Банч транс” гэсэн дөрвөн компанийн 1032 тээврийн хэрэгслийн мэдээллийг олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлаар оруулж дэмжсэн мэтээр бүртгүүлэн, 426-д нь Өмнөговь аймгийн Цогтцэций салбараас уг зөвшөөрлийг бичүүлж, дээрх аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон юм.
ЗТХЯ болон АТҮТ-ийнхөнтэй холбоотой, улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд яллагдагчаар татагдсан хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байна. Авлига цэцэглэсэн АТҮГ-ийн нөхцөл байдал цаашид энэ хэвээрээ л байх уу.