УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2022.11.21/-ийн ээлжит хуралдаанаар Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнгийн мэдээллийг сонслоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурлаар нэг асуудал хэлэлцсэн. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх экспорт болон Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газраас сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонссон. Мэдээлэлтэй холбоотой бүлгийн гишүүд асуулт асууж, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар хариулт өгч, санал хэлсэн. Экспортыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий.
Ялангуяа валютын нөөцийг нэмэгдүүлж, тодорхой хүрээнд барих ёстой гэсэн байр суурийг Засгийн газраас илэрхийлж, 362 дугаар тогтоол гаргаж, хэрэгжүүлж буй. Дээрх асуудалтай холбоотой бүлгээс дараах шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, Уул уурхайн бүтээгдэхүүний мэдээллийг ил тод болгох, гэрээг ил тод болгох, худалдаалж буй үнэ өртгийг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж гаргах нь зүйтэй гэж үзлээ. Засгийн газраас тус хуулийн төслийг өнгөрсөн хавар өргөн барьсан. Хэлэлцэх эсэхийг УИХ шийдвэрлэсэн. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Тус хуулийг 2022 онд багтаан баталж, уул уурхайн бүтээгдэхүүний худалдааг зохицуулах нь зүйтэй гэж үзсэн. Хоёрдугаарт, сүүлийн үед уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа Төрийн өмчит компаниудын нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хэвлэл мэдээллийнхэн их ярьж байна. Энэ хүрээнд УИХ, Засгийн газраас тодорхой хүрээнд анхаарч ажиллаж байна. УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан Хянан шалгах түр хороо байгуулагдан ажиллаж, хилийн боомтууд болон төрийн өмчит компаниудад ажилласан. Ажлын хэсгийн дүн мэдээ одоогоор нэгтгэж дуусаагүй байна.
Дээр нь Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авахаар шийдвэр гарган ажиллаж байгаа. Цаашид МАН-ын бүлэг нүүрсний хулгайн хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хариуцлага тооцох чиглэлээр Засгийн газар хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, дорвитой үр дүн гаргаж ажиллах шаардлага байна гэж үзсэн. Гуравдугаарт, Төрийн өмчит компаниуд, ялангуяа уул уурхайн чиглэлийн компаниудын менежмент, засаглалыг сайжруулах шаардлагатай байна үзсэн. Энэ хүрээнд Засгийн газраас хоёр хуулийн төслийг өргөн барьсан. Өмнө нь Төрийн өмчит компаниудын тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа. Өнөөдөр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг өргөн барьж байна. Ингээд УИХ төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах чиглэлээр, Засгийн газар менежмент, засаглалыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн. Дээрх гурван шийдвэрийг МАН-ын бүлгээс гаргалаа” гэв.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар МАН-ын бүлгийн хуралд танилцууллаа. Сайдаар томилогдоод хоёр сар болж байна. Ажил авч байхад валютын нөөц ямар хэмжээнд байсан талаар мэдээллэхэд Монгол Улсын валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар байсан. Ханшийн зөрүү 200-300 төгрөг. Арилжааны банкуудын валют зарж байгаа хязгаарлалт хоногийн нэг сая төгрөгөөс дээш олгохгүй гэдэг нөхцөл байдалтай байсан. Өнөөдөр нөхцөл байдал сүүлийн 10 сарын дүнгээр валютын нөөц 2.8 тэрбум ам.долларт хүрсэн. Арилжааны банкуудын валют зарахдаа тавьдаг нэг саяын хязгаарлалт 10-20 сая болж нэмэгдсэн. Харин ханшийн зөрүү бууж 5-10 төгрөг болж хэлбэлзэж байна. Монгол Улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авсан. Үүнд, нэгдүгээрт нэг тэмдэглэл, хоёрдугаарт Засгийн газрын 362 дугаар тогтоол, гуравдугаарт, Эрдэнэс Тавантолгой ХК дээр онцгой дэглэм тогтоох гэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна” гэв.