АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудын өрөөнд нэгжлэг хийж, санхүүгийн болон хамтын ажиллагааны гэрээ, бичиг баримтуудыг нь хураан авсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл өчигдөр тус газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Тавантолгой төмөр замын төсөлтэй холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд өчигдөр 33 объектод үзлэг нэгжлэг хийж, дөрвөн албан тушаалтныг дайчлан баривчилсан. Мөн 24 албан тушаалтныг холбогдуулан шалгаж байгаа. Энэ хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Н.Удаанжаргал нь гадаад улсад байгаа хэдий ч мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Хэн нэгнийг хүлээх асуудал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нотлох баримтуудаа цуглуулан холбогдох бусад ажиллагааг хийнэ” гэв. Зарим хэвлэлд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргалыг БНСУ руу яваад хэрэгт шалгуулах болсонтой холбоотойгоор АНУ руу гарсан” хэмээн бичиж буй билээ.
Бидний авсан мэдээллээр Н.Удаанжаргалыг дээрх төмөр замын төслийг хэрэгжүүлэх явцдаа нүүрсээр төлбөр тооцоо хийх гэрээ аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан. Улмаар дундаас нь ашиг олж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буруутгаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайн гэх хэргийн нэг учиг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалтай холбогдсон гэсэн үг.