Онцгой байдлын байгууллагын албан тушаалтнууд, тэр дундаа улсын нөөц хариуцсан анги, салбарынхан нь байсхийгээд л эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан хэрэгт холбогдон шалгуулдаг. Нэг бус хүн шүүхээр ял шийтгүүлсэн удаатай. Тэгвэл ОБЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан Б.Галмандах, нярав Ц.Алтан-Очир нар мөн л авлигын хэрэгт холбогджээ. Тэд долоон жилийн өмнө буюу 2015 оны тавдугаар сарын эхээр албан тушаалаа ашиглан Х.О-ын үүсгэн байгуулсан “Өгөөж-Андууд” ХХК-д давуу байдал олгосон гэх үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дууссан байна. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-ын хяналтад хүргүүлжээ. Бидэнд олдсон мэдээллээр энэ хүмүүс дээрх аймаг дахь Улсын нөөцийн салбарын агуулахад хадгалж байсан “Дархан-144” хэмээх элит сортын 80.1 сая төгрөгийн үнэтэй 89 тонн улаан буудайг “Өгөөж-Андууд” компанид олгосон юм байна. Ингэхдээ улсын нөөцийн бараа, материалыг зээлээр олгох гэрээ, хэлцэл хийлгүй, ямар ч төлбөр тооцоо хийгээгүй байхад дээрх их хэмжээний үрийн будааг өгсөн аж.
Тэдэнд холбогдох хэргийг АТГ-ынхан 2015 оноос шалгаж эхэлсэн бөгөөд шүүхэд нэг бус удаа хүргүүлсэн ч эцэслэн шийдэж байгаагүй юм. Хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцааснаар ийнхүү АТГ-ынхан дахин шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болоод байна.