АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өчигдөр орой Сүхбаатар дүүргийн нутаг, “Юнион бюлдинг” төвд байрлах “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудын өрөөнд нэгжлэг хийж, шаардлагатай санхүүгийн болон хамтын ажиллагааны гэрээ, бичиг баримтуудыг нь хураан авчээ. Тус компанийн захирлын албан өрөө болон хамаарал бүхий аж ахуйн нэгж, гэрт нь хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд үзлэг нэгжлэг хийж буйг хэд хэдэн эх сурвалж батлав. Засгийн газраас Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлон экспортолдог аж ахуйн нэгжүүд их хэмжээний ашигт малтмалыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй нэвтрүүлсэн байж болзошгүй гэх хэрэгт ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн. Энэ ажлын хэсгийн шалгалтын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудын албан өрөөнд нэгжлэг хийсэн байна.