Хангайн хамгийн сүрлэг амьтан халиун бугын тухай мэдээллийг уншигч танд хүргэе.
Монгол орон 18 мянга орчим бугатай гэх судалгаа бий. Халиун буга ховор амьтан ангилалд багтад бөгөөд Монголын “Улаан ном”-д бүртгэгдсэн аж. Эл амьтан ойт хээрийн бүсээр тархсан бөгөөд тархац нутгийнх нь 14 хувь нь тусгай хамгаалалттай газар юм. Буга нь холтос, шилмүүс, гогод, мангир, туулайн тагнай, нэг настай хус, улиас зэрэг 300 гаруй төрлийн ургамлаар хооллодог.
Экологийн үүрэг
Эл амьтан туурайгаараа ургамлын үрийг тараадаг. Тодорхой хэлбэл, газар шигдэж явдаг учир салаанд нь ургамлын үндэс, үр хавчуулагдаж, улмаар өөр газарт тархан ургах нөхцөл бүрддэг аж.
Бугын эвэр жил бүр унадаг. Ясан эвэр нь унахад цусан эвэр түрж гарч ирж байгаа нь тэр. Цусан эвэр есдүгээр сар гэхэд ясан эвэр болж бэхэждэг. Бугын ясан эвэр кальци, эрдэс бодисоор баялаг тул байгаль дээр унасан үед үхэр, хэрэм зэрэг хөхтөн амьтад мэрж иддэг гэнэ. Мөн экологийн гинжин хэлхээгээрээ махчин амьтдын идэш болж, байгалийн тэнцвэрт байдлын хангах үүрэгтэй аж.
Халиун буга зэрлэг байгаль дээр 20 орчим насалдаг. Согоо хурааж, үр төлөө үлдээхийн тулд үржилд орохоосоо өмнө эврийнхээ үзүүрийг модонд үрж, эрлэн өнгө зүс ордог. Бугын ороо 9-10 дугаар сарын хооронд үргэлжилдэг. Энэ үеэрээ бугууд согоонуудаа булаацалдаж, хоорондоо мөргөлддөг. Хамгийн бие сайтай, хүчтэй, буга олон согоо хураадаг гэнэ. Орооны дараа буга эр эмээрээ ялгарч бэлчихийг “Сүрэг задрах” гэж нэрлэдэг. Согоо 6-7 дугаар сард төллөдөг юм байна.
Буга урамдана гэж юу вэ?
Буга орооныхоо үеэр дуу гаргаж, бие биеэ олохыг “Буга урамдах” гэдэг. Хосоо олоогүй буга урамдах үед согоо нь хариу дуугарч, улмаар сүргээ бүрдүүлдэг. Орооны оргил үе нь есдүгээр сарын 20-ны орчим тохиодог тул энэ үеэр нийслэлийн иргэд Хустайн байгалийн цогцолборт газарт очиж, буга урамдахыг сонсох боломжтой.
Хорогдож буй шалтгаан
Эл амьтны эврийг өндрөөр үнэлдэг тул нутгийн иргэд, хулгайн анчид хууль бусаар хороох тохиолдол элбэг аж. Шуналтай хүмүүс бугын ясан эвэр унах цаг болоогүй байхад сүргээр нь хөөх, хэрцгийгээр хороож, эврийг нь авах тохиолдол цөөнгүй гардаг. Халиун бугыг хууль бусаар агнавал 5-27 сая төгрөгөөр торгоно, эсвэл 1-5 жил хорих ял онооно гэж Эрүүгийн хуульд заажээ.
Бугыг тусгай зориулалтаар агнадаг бөгөөд тухайн жил хэдийг агнаж болохыг Засгийн газар тогтоодог. Жишээлбэл, 2021 онд 60, 2022 онд 50 орчим бугыг тусгай зориулалтаар агнахыг зөвшөөрсөн байна.
Одоогоор “Алтай халиун буга” ТББ, “Бугат” зэрлэг амьтан үржүүлгийн төв, “Сэлэнгэ” амралтын бааз гэх газруудад буга гаршуулж буй. Эдгээр газрууд БОАЖЯ-наас зөвшөөрөл авч, мэргэжлийн байгууллагуудтай хамтран, бугыг 1-2 жил гаршуулж, зэрлэг байгальд буцаан тавьдаг.