Анхны цас яагаад том ширхэгтэй байдаг талаар өмнө нь та бодож байсан уу. Ер нь цас яаж бий болдог, цасан ширхэг бүр дахин давтагдашгүй гэдэг нь үнэн болов уу. Энэ талаарх сонирхолтой баримтуудыг уншигч танд хүргэе.
Баримт 1 - Агаарын температур 0 хэмээс бага байх үед агаар мандалд дэгдсэн уур мөсөн талс болж хувирдаг. Эдгээр мөсөн талстууд хоорондоо наалдаж, цасан ширхэг болоод газрын гадарга дээр унадаг аж.
Баримт 2 - Цасыг орж буй хэлбэрээр нь:
- Аадар цас
- Нойтон цас,
- Цасан хуйлаадас,
- Цасан туйлаадас,
- Цасан шамарга гэх зэргээр ангилна.
Баримт 3 - Агаарын температур 0 хэм буюу арай дулаан байхад цас, бороо холилдон орох үзэгдлийг "Нойтон цас орно" хэмээн нэрлэдэг.
Баримт 4 - Цасан ширхгийн хэлбэр хоорондоо хэзээ ч давтагддаггүй. Агаарын температур, чийгний хэмжээнээс хамаарч өөр байна.
Баримт 5 - Агаарын температур 0 хэм байхад цасан ширхгүүд хайлж, бие биедээ наалдаж, том, хүнд ширхэгтэй болдог. Тиймээс хавар, намар том ширхэгтэй цас ордог аж. Харин өвлийн улиралд хуурай, сэрүүн бөгөөд чийг бага байдаг тул мөсөн талстууд хоорондоо барьцалдах нь багасаж, жижиг, нунтаг цасан ширхэг үүсгэдэг гэнэ.
Баримт 6 - 1885 онд Wilson Bentley гэдэг хүн анх цасан ширхгийн зургийг авч байсан. Цасан ширхэг нь тэгш хэмт буюу 6 талт, 3 талт баганалаг, зүүлэг, хавтгай зэрэг хэлбэртэй байна. Тэгш хэмт буюу зургаан талт цасан ширхэг нь хэт хүйтэн үед үүсдэг гэнэ.
Баримт 7 - Өвлийн улиралд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтдог. Ингэхдээ арваннэгдүгээр сарын 1-28-ны хооронд тогтож, хоёрдугаар сарын 15-аас дөрөвдүгээр сарын 2-ны хооронд ханзардаг аж.
Баримт 8 - Монгол орны цасны зузаан дунджаар говийн нутгаар 1–5 см, хангайн нутгаар 5–15 см байна. Харин нэгдүгээр сард цасны зузаан нь хамгийн их байх ба нутгийн хойд хэсгээр 40-50 см хүртэл цасан бүрхүүл тогтдог.
Баримт 9 - Цагаан өнгө нь нарны цацрагийг газарт шингээхгүй, ойлгодог тул цас орсон үед хүйтэрнэ. Цасгүй үед газрын хөрс бараан өнгөтэй тул нарны цацрагийг шингээж, дулаан хуримтлуулан, тухайн орчныхоо агаарыг халаадаг.