Төрийн дунд шатны албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хээл хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт холбогдсоор буй. АТГ-ынхан тэдгээр албан тушаалтныг илрүүлэн шалгаж, шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр шилжүүлсэн тохиолдол ч цөөнгүй. Тус газраас ийм хоёр ч хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүллээ. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын удирдах хэд хэдэн албан тушаал хашиж байсан, хамгийн сүүлд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний хахууль авсан үйлдэлд холбогдсон А.Мөнхтайваны хэргийг мөрдөж дууссан байна. Тэрбээр 2017 оноос хойш хэрэгжүүлсэн төслийн гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудаас 2018 оны өвөл хахууль авч, “Энканто таун” хорооллыг барьсан “Камдер” гэх компанийн дансанд эхнэрийнхээ нэрээр шилжүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийтдээ 264 сая төгрөгийн хахууль хясан боогдуулах замаар авсан хэмээн түүнийг буруутгаж буй билээ. Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн аравдугаар сарын 31-нээс энэ сарын 4-ний хооронд гэмт хэргийн шинжтэй 44 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 137-г шалгажээ. Үүнээс 11-тнь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол өдгөө 106-г нь хянан шалгаж буй аж. Түүнчлэн тус хэлтсийнхэн эрүүгийн 738 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас есийг нь шүүхэд шилжүүлэхээр болсны нэг нь дээрх ЭМСХХ төслийн зохицуулагч асан А.Мөнхтайванд холбогдох хэрэг байгаа юм. Уг хэргээс гадна Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын эрх бүхий албан тушаалтнууд, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын, Экологийн Цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулсан хэргүүдэд яллах дүгнэлт үйлдүүлэхээр болоод байгаа юм.