Гэмтэл согог судлалын үндэсний төвийн (ГССҮТ)-ийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн I тасгийн их эмч С.Галтад холбогдох хэргийг өнгөрсөн пүрэв гарагт нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ногдуулсан ялыг хэвээр үлдээсэн байна. НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсгийн “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх С.Галтыг ХААН банкны дансаараа дамжуулан 2018 оны тав болон 2020 оны тавдугаар сард нийт 800 000 төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцсон юм. Тэрбээр хөлөө гэмтээн мэс засал хийлгэсэн иргэн М-ээс 500 000 төгрөг эхэлжавсан бөгөөд хоёр жилийн дараа хадаасаа авхуулах болоход нь нэмж 300 000-г “халаасалсан” ньхэд хэдэн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байдаг. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнгөрсөн есдүгээр сард хэлэлцээд ГССҮТ-ийн их эмч С.Галтыг “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд заасан “Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад ашиг сонирхлын үүднээс төлбөр авах, өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах, санал болгох, эмчээ сонгоход нөлөөлөхгүй, шаардлагагүй тусламж үйлчилгээг зааварчлах, үзүүлэхгүй байх”-ыг зөрчсөн. Мөн эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх дүрэм, журмыг зөрчиж хахууль авсан гэм буруутайд тооцон, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасаж, дөрвөн сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Давж заалдах шатны шүүх уг ялыг нь хэвээр үлдээжээ. Уг нь С.Галтад холбогдох хэргийг анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцээд зорчих эрхийг нь зургаан сар хязгаарлах ял шийтгэж байсан билээ.