Аж ахуйн нэгжүүдээс бараа худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон “Хурдны зам” компанийн захирал, Гавьяат барилгачин Ш.Бат-Энх болон эрх бүхий албан тушаалтан Г.Бямбасүрэн нарын гэм буруутай, эсэхийг дэнслэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх товложээ. Зам, гүүр барих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хурдны зам” компанийнхан аж ахуйн нэгжүүдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авсан мэтээр НӨАТ-ын хоосон бичилттэй хуурамч падаан авч, түүнийгээ татварын байгууллагад тайлагнан гурван тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт холбогдсон юм. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 18.3-1 дэх хэсгийн “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж. Уг нь тэдэнд өмнө нь НПГ-аас дээрх зүйл заалтаас гадна мөн хуулийн 18.7-4-ийн “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж байсан талаар бид өмнө нь мэдээлж байв. Гэвч шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаар тухайн үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон гэнэ. Тус компанийн захирал Ш.Бат-Энхийн тухайд “Хан талст” ХХК-ийн эзэн гэдгээр нь хүмүүс мэддэг. Өөрөөр хэлбэл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тухайн копани наран шарлагын газар байгуулахаар үүсгэсэн тогтоол усанд нь 2020 оны тавдугаар сард дөрвөн хүүхэд осолдсон дуулианд холбогдсон компанийг үүсгэн байгуулагч, эзэн нь юм.