Цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 17 цагийн орчимд “Үл таних хүмүүст зодуулсан хүүхэд байна, ар нуруу хэсгээс нь цус гараад байна” гэх дуудлага бүртгэгджээ. Эл хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад 13 настай, эрэгтэй “Т” нь бусдад зодуулсан, ар нуруу болон хавирга орчимд зүсэгдсэн шархтай байсан гэнэ. Эл хэргийг ерөнхий боловсролын сургуулийн 8-р ангийн 12-14 насны 4 сурагч үйлдсэн болохыг албаныхан тогтоосон байна. Шалгалтын явцад урьдчилсан байдлаар хохирогч “Т”-г цүнх авлаа гэх шалтгаанаар 13 настай, эрэгтэй “Д” нь дал болон хавирганы орчим 2 удаа хутгалж биед нь гэмтэл учруулсан байна. Дээрх хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхэдтэйгээ илэн далангүй нээлттэй байх, хүүхдийнхээ найзалж нөхөрлөж буй хүүхдүүд болон цахим хэрэглээнд нь анхаарах, хүчирхийлэл, дарамт дагуулсан үйлдлийг холбогдох байгууллагад мэдээлэх, мэргэжлийн байгуулагад хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.