Монголд экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан таван хүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлосон ч өмгөөлөгч нараас шалтгаалан энэ сарын 14-нийг хүртэл хойшлуулаад буй. Тодруулбал, шүүгдэгч М.Өнөржаргал, С.Баатар, Г.Болдбаатар, Г.Нэргүй, М.Чинтэнгэр нар шинээр өмгөөлөгч нэмж авсан, нэг өмгөөлөгч нь гадаадад ажлаар явсан, өөр шүүх хурал давхацсан гэсэн баримтаа шүүхэд гаргаж өгснөөр ийнхүү шийдвэрлэсэн юм. Дээр дурдсан таван хүнд Эрүүгийн хуулийн 10.1-1 дэх хэсгийн хүний амь хөнөөсөн, 19.8-1 дэх хэсгийн “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн”, 20.4-1-ийн “Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэ хэргээс хойш үйлдэгдсэн, “Тусгаар тогтнол” хөдөлгөөний залууст холбогдох хэргийг ТЕГ-ын Мөрдөн шалгах газрынхан шалгаж дууссан байна. Тус хөдөлгөөний залуусыг өнгөрсөн наймдугаар сарын 2-ны үдэш саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Туурга тусгаар, бүрэн эрхт улсын төв талбайд “Тусгаар тогтнол” гэдэг хөдөлгөөнийхөн экстремист шинжтэй үйл ажиллагаа явуулсан. Цэрэгжсэн зохион байгуулалт руу шилжсэн. Нацист суртал ухуулга явуулсан. Энэ үйлдлийг тагнуулын байгууллагаас гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзсэн. Ардчилсан дэглэмтэй дэлхийн аль ч улсад тусгаар тогтнолтой зэрэгцэж, цэрэгжсэн хөдөлгөөн байгуулахыг Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хориглодог” хэмээж байсан юм. Бидэнд олдсон мэдээллээр дээрх хүмүүс тусгайлан бэлтгэсэн газарт тусгай хувцас өмсөж, цэргийн албаны бэлтгэл сургуулилалт хийж байсан бичлэг зэргээр тэднийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож буй гэж үзсэн гэнэ.
Уг хэрэгт холбогдуулж ТЕГ-аас иргэн Д.Банзрагч, Г.Тулга, Ц.Цэрэндорж, Т.Төмөрзориг, Д.Батсайхан нарыг саатуулан шалгасан бөгөөд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хүмүүс гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэн, энэ оны дөрөвүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулсан бөгөөд Сүхбаатарын талбайд наймдугаар сар хүртэл Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар хүч хэрэглэн өөрчлөх зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулахаар урьдчилан үгсэн тохиролцож “Тусгаар тогтнол хөдөлгөөн” нэртэй бүлэг байгуулан, улмаар иргэдийг түүндээ элсүүлж, цэргийн зохион байгуулалтад оруулан экстремист үйл ажиллагаа явуулсан хэмээн Эрүүгийн хуулийн 19.8-1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар тооцсон аж.