Төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр”-ийг Өмнөд Африкийн “Стандарт банк” (Standart bank PLC)-анд барьцаалан 2009 оны долдугаар сард анх 36 сая ам.долларын гэрээ байгуулж, улмаар 2011 оны арванхоёрдугаар сар хүртэл хэмжээгээ нэмсээр нийт 160.1 сая ам.долларын зээл авсан хэрэгт буруутгагдсан “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ажлын ес хоногийн турш хэлэлцэж байж шүүгдэгч нарын гэм буруутай, эсэхийг шийдвэрлэлээ. Түүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар 2007-2013 онд ажиллаж байсан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан, өдгөө “Коконат ойл” компанийн захирал Б.Мөнхжаргал нартай үгсэн үгсэн тохиролцож бүлэглэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн байна. Харин дээрх үйлдвэрийн Худалдааны хэлтсийн дарга байсан Г.Амарбатын гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдоогүй гэж үзэн хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм.
Улмаар шүүгдэгч Ш.Батхүүгээс “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж дээрх банкнаас авсан олон тэрбум төгрөгийг гаргуулах, тус үйлдвэрт учирсан хохиролдшүүгдэгч Ч.Ганзоригоос 1.2 тэрбум, Б.Мөнхжаргалаас 800-гаад сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар буюу “Эрдэнэт үйлдвэр”-т учирсан хохирлыг гаргуулж төрийг хохиролгүй болгуулахаар тус үйлдвэрийн хууль ёсны төлөөлөгчөөр ажилласан өмгөөллийн “Бэрс партснер” ХХК-ийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ж.Оюунболд, А.Энхгэрэл нар шаргуу хөөцөлдөж, хуулийн гаргалгаануудыг сайтар тооцоолон ажилласны дүнд бүх хохирлыг гэм буруутайд тооцогдсон Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нараас гаргуулахаар боллоо.
Түүнчлэн Ш.Батхүү, “Алтжин групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч агсан Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг ч бас “Хадгаламж” буюу өнөөгийн “Төрийн банк”-ийг хохироосон гэм буруутайд тооцсон юм. Тодруулбал, Ш.Батхүү “Хадгаламж” банкны ТУЗ-ийн дарга, хувьцаа эзэмшигч байхдаа Г.Алтан, Э.Сүрэн нараас 39.6 тэрбум төгрөг буюу 23.6 сая ам.долларын зээл авч, төлбөрийн болон банкны баталгааны гэрээ хуурамчаар үйлдсэн. Түүгээр ч зогсохгүй ээж, хүү хоёрт зээлийн төлбөрт тооцуулан “Олон овоот гоулд” компанийн хувьцааг шилжүүлэн зээлийн тооцоогоо дуусгасан аж. Гэвч хуурамчаар үйлдсэн бичиг баримтаа ашиглан 32.8 сая ам.доллар буюу 51.5 сая төгрөг “Жаст групп”-ээс гаргуулах, түүнийг төлөөгүй тохиолдолд “Төрийн банк”-наас гаргуулахаар Ш.Батхүү нар хүлээн зөвшөөрсөн нь тус банкийг хохироосон үйлдэлболсонбилээ. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Алтан агсанд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.14-1.3-т заасан “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм.
Шүүх гэм буруутай гэж дүгнэсэн Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Э.Сүрэн нар учруулсан хохирлоо төлөхөөр тав хоногийн завсарлага авах хүсэлт шүүхэд гаргасныг хүлээн зөвшөөрч энэ хугацаа дууссаны дараа уг дөрвөн хүнд ял шийтгэл ногдуулах хурлыг үргэлжлүүлэн хийх юм.