"Гала" хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоод өнгөрсөн шөнө галт зэвсэгтэй хүн халдаж барьцаалахыг завдан их хэмжээний мөнгө нэхсэн хэрэг гарсныг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүллээ. Хан-Уул дүүргийн нутаг, Яармаг дахь "Хаппи ресиденс" хотхоны ... дугаар байрны гадаа буутай хүн дээрх эмэгтэйн эзэмшдэг "Мерседес бенз G-class" загварын автомашинд дайран орсон гэх дуудлага хохирогчийн ойр дотны хүмүүс цагдаад өгчээ. Гэмт этгээд буу тулган машиныг нь барьцаалан авч явсан бөгөөд хохирогч зугтсанаар хэрэг үйлдсэн этгээд цааш ганцаараа явсан аж. Барьцаалагч этгээд хохирогчид өөрийгөө "Чинзориг" гэж танилцуулсан бөгөөд гар буутай явсан гэж Ч.Уранхолбоо ар гэрийнхэндээ хэлсэн байна. Хэрэг үйлдсэн хүн хохирогчоос "80 сая төгрөг өг. Танай дүү БНСУ-д ажиллаж амьдардаг, чи олны танил мөнгөтэй хүн. Би чамайг бүрэлгэж чадна, амиа ч хорлож чадна" хэмээн сүрдүүлсэн аж. Өчигдөр шөнө буюу аравдугаар сарын 27-ны 23.50 цагийн үед гарсан эл хэргийн мөрөөр цагдаагийнхан шуурхай ажиллаж сэжигтнийг өнөөдөр саатуулсан байна. Уг хэргийг Зэвсэгт хүчний ... ангийн Ар талын дарга гэх албан тушаалтай офицер, 33 настай Б.Д гэх залуу үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдож буй аж. Хэрэг үйлдсэн гэх залуу мөрийтэй тоглож их хэмжээний мөнгөө алдаад уг гэмт үйлдлийг өдүүлсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Түүний хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг нь хийн гар буу байсныг эд мөрийн баримт болгож хураан авчээ.