Дэлхийн өөр хаана ч биш, зөвхөн Монголын говьд амьдардаг мазаалайн тухай сонирхолтой баримтуудын уншигч танд хүргэе.
Баримт 1 - Монголд өдгөө 50 орчим мазаалай бий. /Доктор Т.Одбаяр 2021 оны судалгаа/
Баримт 2 - Эл амьтан Говийн их дархан цаазат газрын А хэсэг буюу Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймгийг дамнасан 18 мянган ам.метр газар нутагт тархсан байдаг.
Баримт 3 - Эрэгчин буюу шармаахай ороо нь орсон үедээ эмэгчин буюу эвшийг хайх, мөн өөрийн эзэмшлийн газар нутгаа тэмдэглэх зан төрхтэй учир эмэгчнээсээ 2-3 дахин том талбайг эзэлж амьдардаг. Эвш нь жил өнжин төллөж, гол төлөв ихэр алманцаг төрүүлнэ.
Баримт 4 - Говьд мазаалайд зориулсан 20 орчим тэжээлийн цэг байрлуулсан. Эл газруудад хавар, намрын улиралд тэжээл тавьж өгдөг юм.
Баримт 5 - Мазаалайн нийт хооллолтын дийлэнх хувийг бажууна, хармаг, зээргэнэ, сухай зэрэг ургамал эзэлдэг. Үүнээс гадна говийн шавж, мэрэгч, жижиг хөхтөн амьтнаар хооллодог.
Баримт 6 - Гадаад төрхийн хувьд хүрэн баавгайг бодвол хоёр дахин жижиг биетэй. Хүрэн баавгайн биеийн урт 144 см, өндөр 135 см, жин нь 140 кг бол мазаалай биеийн урт нь 60 см, өндөр 74 см, 94 кг жинтэй байдаг. Мөн хумс нь хар өнгөтэй, хүзүүнийхээ хоёр талд цагаан судалтай гэдгээрээ онцлог.
Баримт 7 - Бусад баавгайг бодвол амьдрах орчин хэцүүтэй. Идэш тэжээл хомс, уур амьсгал нь хатуу ширүүн.
Баримт 8 - Дэлхий дээр говь цөлийн бүсэд үлдсэн цор ганц баавгай. Энэ нь түүнийг хамгаалах ёстой хамгийн том шалтгаан юм.
Баримт 9 - Дөрвөн жилийн давтамжтай хийсэн генетикийн судалгааны дүнгээр 2009 онд 21, 2013 онд 25, 2017 онд 29 бодгаль бүртгэгдсэн байна. Үүнээс үзвэл эл амьтны тоо толгой аажмаар өсөж буйг анзаарч болно.
Баримт 10 - Сүргийн хүйсийн харилцаа алдагдсан бөгөөд эм бодгалийн тоо нь эрээсээ цөөн. Энэ нь мазаалай баавгайн тоо толгой дорвитой нэмэгдэхгүй байгаа шалтгааны нэг. Яагаад гэвэл сүрэгт эзлэх эм бодгалийн тоо олон байж амьтад өсдөг жамтай аж.