“Эрдэнэт үйлдвэр”-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатад холбогдох өөр нэг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад шүүхээр шийдвэрлүүлэх санал гарган НПГ-т хүргүүлжээ. “Жаст групп” ХХК-ийн Ш.Батхүү нарт холбогдох хэргийн нэг шүүгдэгч түүнийг их хэмжээний хахууль гадаадын аж ахуйн нэгжээс авсан хэрэгт буруутгаж буй гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр Г.Амарбат нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар 2010-2013 онд ажиллахдаа экспортын бүтээгдэхүүний борлуулалт, валютын орлогыг зохион байгуулах, гадаад худалдааны гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавих, экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтийг зохион байгуулахзэрэг албаны чиг үүрэг хэрэгжүүлдэг байж. Гэвч албан тушаалаа урвуулан ашиглаж, тус үйлдвэртэй зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилладаг “Трафигура бехеер Амстердам”, “Таурус металс” зэрэг компанийн ашиг сонирхлын үүднээс тээвэрлэлтийн хуваарийг эдгээр аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу өөрчилснийхөө хариуд их хэмжээний хахууль авсныг АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон байна. “Эрдэнэт үйлдвэр”-ээс зэсийн баяжмал худалдан авч байсан “Таурус металс” компани өнөөг хүртэл хамтран ажилласан хэвээрээ аж. Тус үйлдвэрийнхэн эл аж ахуйн нэгжээс богино хугацаат зээлийн гэрээ байгуулан мөнгө авахдаа зохион байгуулалтын шимтгэлийг 1.95 хувиар тооцож, зээл орж ирсэн эхний өдөр өгөхөөр заасан ч нягтлан бодох бүртгэлд шимтгэлийг өглөг үүсгэж бүртгээгүйг 2021 онд Үндэсний аудитын газраас хийсэн тайланд дурдсан байдаг. “Таурус металс”-аас авсан богино хугацаат зээлийн зөрчлийн хэмжээ 7.7 тэрбум төгрөг гэдгийг ч тайланд тусгасан байв.
Ташрамд дурдахад, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга байсан Б.Мөнхжаргал, дээрх Г.Амарбат, “Алтжин групп”-ийн захирал агсан Г.Алтангийн хүү Э.Сүрэн нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр зургаа дахь өдрөө хэлэлцэнэ. Шүүх хурлын бүрэлдэхүүнэнэ долоо хоногийн эхнээс хойш нотлох баримт шинжлэн судалж байгаа юм. “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авахдаа Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Ч.Ганзориг нартай үгсэн тохиролцож бүлэглэн, хуурамч материал бүрдүүлж өгөн, тус үйлдвэрт хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан билээ.