Худалдаа, хөгжлийн банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид тэргүүтэй нөлөө бүхий албан тушаалтнуудыг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд нэлээд олон жилийн турш шалгаж буй. Ажлын хэсгийн мөрдөгчид “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн, Хөгжлийн банкнаас дээрх банкныхны авсан зээлийн гэх зэрэг хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх санал гарган НПГ-т хүргүүлсэнч прокурорууд хавтаст хэрэгтэй танилцаад зайлшгүй шалгаж тогтоох зүйлс байна хэмээн буцааснаар нэмэлт ажиллагаа шинээр хийлгэж буй юм билээ.
Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч болон нөлөө бүхий удирдах албан тушаалтнуудаа хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаатай зэрэгцэн Худалдаа, хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан нь бусдаас их хэмжээний хахууль авсан үйлдэлд холбогдсон байна. Тус банкны салбарын захирал Э.Мөнхбаатар гэх хүн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтнаас хахууль авсныг АТГ-ын мөрдөгчид шалгаж тогтоожээ. Бидэнд олдсон мэдээллээр салбарын захирал Э.Мөнхбаатар Даниел гэх хүнд 1.5 тэрбум төгрөгийн зээл олгохоор холбогдох нэгжүүдээрээ батлуулсан аж. Улмаар түүнийхээ “шагналд” 45 сая төгрөгийг нь авсан хэрэгт буруутгагдаж буй гэнэ. Уг хэргийг “Кевико” компанийнхны гаргасан гомдлын дагуу шалгаж тогтоон Э.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн 22.4-т заасан хахууль авсан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод байгаа аж. НПГ-аас уг хэрэгтэй хуулийн хугацаанд танилцаад яллах дүгнэлт бичиж, шүүхэд шилжүүлэх, эсэхийг шийдвэрлэх юм.