Говийн их дархан цаазат газрын А хэсэг Монгол улсдаа хамгийн том газар нутагтай улсын тусгай хамгаалалттай газар. Энэ бүс нутаг нь нэн ховор Мазаалай баавгай, Хавтгай тэмээний гол байршил нутаг бөгөөд ус нэн ховор. Амьтад нэг уст цэгээс нөгөө уст цэг хүрэхэд 80-150 км замыг туулдаг. Иймд зэрлэг амьтны усан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2022 оны 10 сарын 20-ноос 25-ны өдрүүдэд Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилтээр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Баян амны сайр, Баян-Өндөр сумын Хатан суудлын тал, Говь-Алтай аймгийн Алтай сумын Тооройн хоолой, Цогт сумын Цагаан дэрсний худгуудын цооногт нарны өргүүр суурилуулан, Эрдэнэ сумын Буурын хярд байрлах нарны өргүүрт худагт 30 тн ус хуримтлуулах хөв байгуулжээ. Зөвлөхөөр МУ-ын Усны Зөвлөх инженер Л. Төвд, Гүйцэтгэгчээр "Баялаг говь" ХХК нь ажиллалаа.
Энэхүү бүтээн байгуулалт нь Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч болон амьтанд хайртай хүн бүрийг баярлуулсан ажил боллоо. Бидний ажлыг байнга дэмжин ажилладаг Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал У. Тунгалаг болон хамт олонд нь, хамгаалалтын захиргааны өмнөөс маш их талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний ажил Алтайн өвөр говь шиг тэнүүн уужим байхыг хүсэн ерөөе.