“Цэнхэр үст Цэрэн” гэх нэрээрээ олон нийтийн сүлжээнд багагүй дагагчтай болсон иргэн Э.Цэрэндолгорт холбогдуулан гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаад, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Шүүх эл хэргийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт хэлэлцлээ. Тэрбээр “тэмээчин” гэдгээр нь олон нийт мэдэх болсон Н.Байгалмаа агсны талаар “манай бэр Н.Байгалмаа нь ганцаараа шатаж үхээгүй, н.Энхбат гэгчтэй хамт шатсан, энэ талаар цагдаагийн байгууллага зориуд худал мэдээлсэн, надад баримт байгаа” хэмээн илт худал бичлэг олон нийтэд тараан, амь хохирогчийн нэр хүндэд халдсан хэрэгт холбогдсон юм. Түүний эл үйлдлийг талийгаачийн ээж Ж.Норжмаа шалгуулахаар хууль сахиулах байгууллагад хандсан бөгөөд тэрбээр шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцохоор байсан ч тодорхой шалтгааны улмаас ирэлгүй, өмгөөлөгч нь байлцжээ.
Э.Цэрэндолгор зөвхөн талийгаач бэр Н.Байгалмаагаар тогтохгүй ЦЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа А.Даваасүрэнг“Иргэн С.Мөнхзулд үйлчилдэг, түүний хууль бус үйлдлийг нуун дарагдуулдаг” хэмээн цагдаагийн алба хаагчийн төдийгүй иргэн С.Мөнхзулын нэр төрд халдсан бичлэг хийж олон нийтийн сүлжээнд цацсан үйлдэлд холбогдсон юм. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, улсын яллагч Б.Оюунцэцэг, шүүгдэгч Э.Цэрэндолгор, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, хохирогчдын өмгөөлөгч нарыг оролцуулан хоёр өдөр хэлэлцсэн хурлаас дээрх хүмүүсийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэм буруутайд тооцож, “Цэнхэр үст Цэрэн”-гийн зорчих эрхийг нь гурван сар хасах ял шийтгэжээ. Улмаар уг ялаас цагдан хоригдсон 29 хоногийг нь хасахаар болсон байна. Э.Цэрэндолгор уг хэрэгт шалгуулан яллагдагчаар татагдахад нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ шүүхээс аваад байсан. Гэвч тэрбээр өнгөрсөн сарын 12-нд таслан сэргийлэх арга хэмжээгээ зөрчин гадаад улс руу явах гэж байгаад хил дээр саатуулагдсан юм. Тиймээс шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3-1 хэсэгт заасан “ажил эрхлэлтийн байдал, байнга оршин суугаа газрын хаяг, холбоо барих утасны дугаар, шуудангийн хаяг өөрчлөгдсөн, эсвэл өөрчлөх гэж байгаа талаар шүүх, прокурор, мөрдөгчид даруй мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэн 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон билээ.