“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлын албыг 2007-2013 онд хашсан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат, “Алтжин групп”-ийн захирал агсан Г.Алтангийн хүү Э.Сүрэн нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдрөөс дахиад хэлэлцэж эхэллээ. Уг нь эл шүүх 2020 оны аравдугаар сард 13 өдөр хэлэлцэж байж дээрх хүмүүст холбогдох хэргийг шийдвэрлэж байсан юм. Гэвч Улсын дээд шүүх 2021 оны долдугаар сарын 19- нд хянаад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж дүгнэн, анхан шатны шүүхэд нь буцаасан билээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг гэм буруутай гэж дүгнэсэн бол Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг цагаатгасан. Тодруулбал, Ш.Батхүүг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн, тусгай зөвшөөрөл олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, найман жил хорих ял оноон, 140 гаруй тэрбум төгрөг гаргуулж, нэр бүхий компаниудад олгохоор шийдвэрлэснийг бид цаг тухайд нь мэдээлж байв. Харин Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарт холбогдох үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн юм. “Жаст групп”- ийн захирал Ш.Батхүү хуурамч бичиг баримт үйлдэн “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдсон. Прокурорын байгууллагаас Ш.Батхүүг тухайн үеийн “Хадгаламж банк” (одоогийн Төрийн банк)-ийг зээлийн батлан даагчаар оролцуулах баримт бичиг хуурамчаар үйлдсэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх бүхий албан тушаалтнууд болох Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Ч.Ганзориг нартай үгсэн тохиролцож, бүлэглэн “Стандарт” банкнаас хуурамч материал бүрдүүлж зээл авч, тус үйлдвэрт хохирол учруулсан, “Мах маркет”, “Жаст ойл”, “Олон овоот гоулд” ХХК-ийн хувьцаа болон “Жаст групп”-ийн өмчлөлийн 12 орон сууц, үл хөдлөх хөрөнгийг бэлэглэл болон худалдах гэрээгээр дамжуулан шилжүүлж, үнэгүйдүүлэн мөнгө угаасан үндэслэлээр буруутган шүүхэд шилжүүлсэн билээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Ш.Батхүүгийн ялыг долоон жил болгон бууруулж байсан юм. Дээд шүүхээс хэргийг буцааснаас хойш шүүх хурал болохгүй удаа дараа хойшлуулж, энэ хооронд шүүгдэгчдийн нэг Г.Алтан таалал төгссөн билээ.