Баянзүрх дүүргийн XI хороо “Хүрхрээ” хотхоны урд талын төмөр замын зурваст зөвшөөрөлгүйгээр хашаа хатгажээ.
Улаанбаатар хот орчмын ногоон бүс, Богд хан уулын дархан цаазат газар, Туул голын ай сав эрх мэдэлтнүүдийн түрийвчээ түнтийлгэх хэрэгсэл болсоор олон оныг элээж байна. Тэр дундаа Нүхт, Зайсан, Богины, Бага тэнгэрийн, Залаатын, Хүрхрээгийн гээд Богд хан уулын олон аманд аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэхээр авсан газраа зориулалтын бусаар ашиглаж байгааг хэн хүнгүй мэддэг ч хариуцсан яам, агентлагийнхан дорвитой арга хэмжээ авдаггүй нь харамсалтай. Эрх мэдэлтнүүд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулна гэж төрийг мэхлэн авсан газартаа орон сууцын хорооллууд сүндэрлүүлж, олон жилийн турш зуслангийн зориулалтаар ашиглаж байсан газруудыг бетон хэрмээр хүрээлэх болсон. Ингэснээр зундаа агаар салхинд гарч, замын түгжрээ, ажлын ачааллаа умартах, өвөлдөө нийслэлийн утаа, тоосжилтоос бага ч атугай салж алжаалаа тайлах гэсэн иргэдийн эрхийг зөрчиж байгаа. Нийслэл, дүүргийн Газрын албаныхан дур мэдэн ямар ч төлөвлөлтгүйгээр газар олгодог, түүндээ хяналт тавьдаггүйн уршгаар сүүлийн жилүүдэд шүүх, цагдаадаа тулсан газрын маргаан хаа сайгүй өрнөж, нэгнийгээ үг хэлээр доромжлоод зогсохгүй эрүүл мэндэд нь хор, хохирол учруулах явдал ч гарч байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ бүхний буруутан хэн бэ гэвэл нийслэл, дүүргийн Газрын албаны хээл, хахууль хардаг дарга даамал, мэргэжилтнүүд гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Тэдэн дээр нэмээд дархан цаазат бүсэд газар олгох эрх бүхий БОАЖЯ-ны Тусгай хамгаалалтай бүс нутгийн удирдлагын газрынхны хуулиас давсан шийдвэр ч экологид хохирол учруулж байна.
Уг нь хууль, журамд зааснаар иргэд зуслангийн газраа өмчлөх газрын байршилд орсон, эсэхийг нийслэлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнөөс харж тодруулсны үндсэн дээр ойгоос 50-100, уснаас 100-200, авто замаас 25 метрийн зайд өмчлөх, эзэмших ёстой байдаг. Усны тухай хуулийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1 дэх хэсэгт “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заасныг зөрчихөөс гадна Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 онд хамтран баталсан А-230/127 дугаар тушаалын “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүс ба түүний дэглэм”-ийн 2.3.4 дэх хэсгийн “хот суурин газрын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 100 метрээс доошгүй, үерийн хамгаалалтын далангаас 50 метрээс доошгүй зайд зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглох” заалтыг зөрчин Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн XI хорооны нутаг, “Хүрхрээ” хотхоны орчимд нэлээд олон жилийн өмнө зуслангийн зориулалтаар олон айлд газар эзэмшүүлсэн байна. Тэдний зарим нь Газрын тухай хуулийн 39.1.1-т заасан “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно”, 40.1.6 дахь хэсгийн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох”-оор хуульчилсныг зөрчин өнөөг хүртэл ашиглаж байгаа нь ч бий. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 онд тэнд хууль зөрчин амьдарч буй нэр бүхий иргэдэд Газрын тухай хуулийн 57.4-ийн “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэснийг үндэслэн газар чөлөөлөх хугацаатай мэдэгдэл өгчээ. Харамсалтай нь, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхан удирдлагаасаа өгсөн тушаал шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, хууль зөрчигчдийг өөгшүүлээд зогсохгүй өөрсдөө ч тэнд дур мэдэн газар олгосон байна. Ингэж газрыг нь зохих зөвшөөрөлгүй эзэмшсэнээр төрийн дансанд орох ёстой төлбөр ч төлөгдөөгүй гэхэд болно. Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авч хариу мэдэгдэх”-ийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныханд АТГ-аас даалгасан байдаг. Мөн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаныханд хандан хуулийн дагуу асуудлыг шийдэж хариу мэдэгдэх албан тоот ч хүргүүлсэн аж. Түүндээ шүүхэд хандаж хууль бусаар эзэмшиж буй газрыг чөлөөлүүлэх арга хэмжээ авахыг онцолжээ. Гэвч нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхан өнөөг хүртэл хууль зөрчсөн үйлдлийг нэг мөр таслан зогсоохгүй, иргэдийг ч, төрийг ч хохироож буйтай эвлэрсээр суугаа юм. Нийслэл, дүүргийн Газрын албаныхан ийнхүү юу ч болоогүй мэт сууж байхад хүмүүс “Хүрхрээ” хотхоны дэргэдэх газрыг дур мэдэн сэндийчиж, мод сөөг тайрч, төмөр замын хамгаалалтын бүс дотор хашаа хатгачихаад байна.
Усны тухай хуулийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэсэн заалтыг зөрчиж, хашаа хатгасан байлаа
БОЛОМЖГҮЙ ГЭЧИХЭЭД ХУУЛЬ ЗӨРЧИН ӨГСӨӨР...
“Хүрхрээ” хотхоныг байгуулахаас өмнө хэсэг хүн тухайн газарт хашаа барин амьдарч эхэлснээс улбаалан тэнд суурьшил бий болсон гэдэг. Нийслэлд замбараагүй газар олгож бай сан тэр үеэс тухайн байршилд иргэд мөнгө төлж газар авч амьдарч буй нь ч бий. Дамлан зарсан нь ч олон. Хашаа хатгаад орхисон өндөр албан тушаалтнууд, бизнес эрхлэгч ч цөөнгүй. Лам, харгүй л Туул голын эрэг, Богд уулын хормойд харшаа ч, гэрээ ч барьсан. Наймаачдад мөнгө төлж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар “Хүрхрээ” хотхоны орчимд газар авсан зарим хүн саяхнаас эзэмшиж, ашиглаж буй талбайгаа эргэлтэд оруулж, банкны барьцаанд тавих гэхээр болохгүй арга мухардчихаад байгаа аж. Өөрөөр хэлбэл, Баянзүрхийн XI хорооны нутаг дахь “Хүрхрээ” хотхоны дэргэдэх газрынхаа эзэмших эрхийг сунгуулах гэж тус дүүргийн болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хүсэлт хүргүүлсэн байна. Тэр болгонд нь дээрх байгууллагуудаас “Хүсэлт гаргасан газар нь Газрын тухай хуулийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай зөрчилдөж, бусдын эзэмшиж буй газартай давхцаж байгаа тул шийдвэрлэх боломжгүй. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор баталсан усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд өртсөн тул сунгах боломжгүй. Баянзүрх дүүргийн XI хороо Товчоо болон Хүрхрээ хэсэг нь газрын кадастрын мэдээллийн санд тусгай хамгаалалтын газар нутгийн хилийн хязгаарлалтын бүсэд өртөж байна” гэх зэргээр татгалзсан хариу өгсөөр ирж.
Түүнчлэн нийслэлийн Засаг дарга 2017 оны аравдугаар сард Туул голын онцгой хамгаалалтын бүс, Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийн талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргаж, тухайн бүсэд газар шинээр олгох, эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, бусдад нэр шилжүүлэхийг зогсоохоор болсон юм. Гэвч өнөөдөр газар дээр нь хууль ч хэрэгжихгүй, захирамжийг ч үл ойшоосоор байна. Хамгийн сүүлд гэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны есдүгээр сарын 25-ны А/454 тоот шийдвэрийг үндэслэн иргэн Э.А-д гэр, орон сууц, хашааны газрын зориулалтаар 410 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Галын гарын үсэгтэй гэрчилгээ олгосон байх юм. Уг газар нь голын эргээс 50 м хүрэхгүй зайтай байсаар атал ийнхүү дур мэдэн олгосон нь мөнгөтэй, албан тушаал, эрх мэдэлтэй хүмүүс хуулийг яаж ч зөрчиж болдгийг илтгэж байна. Үүнээс өмнө буюу 2018 онд, нийслэлийн Засаг даргын дээрх захирамж, ИТХ-ын тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолоор баталсан онцгой хамгаалалтын бүс тогтоосны дараа ч мөнөөх Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхан иргэн Б.С-д 699 га газар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрчилгээ олгочихож. Эдгээрээс өмнө авлигын хэрэгт холбогдож байсан, Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Н.Батсүхийн гарын үсэгтэй газар эзэмших гэрчилгээ олгож байж. Энэ мэтээр Газар зохион байгуулалтын албаны эрх мэдэлтнүүд нь хууль журам зөрчин газар өгсөөр байгаад хэн хяналт тавих вэ.
ГОЛЫН ЭРГИЙГ УХАЖ, ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ШУГАМЫН ТУЛГУУРЫГ ӨӨРЧЛӨН БАЙШИН БАРИХЫГ ОРОЛДЖЭЭ
Бид өнгөрсөн даваа гарагт “Хүрхрээ” хотхоны ойролцоох газруудын нөхцөл байдлыг очиж үзсэн юм. “Скай ресорт”, “Асем вилла”-гийн замын хойд, авто болон төмөр замын ардхан талд, Туул голын өмнөд эрэг дэх суурьшлын бүс болсон газарт 150 айл өдгөө оршин суудаг аж. Олонх нь хаус, амины орон сууцаа босгож, ганц нэгхэн айл гэр барин амьдарч буй юм. Хотхоны урдуур өмнөд чиглэлийн төмөр зам өнгөрдөг бөгөөд түрүү жил тэнд хашаа хатгаж, ямар нэгэн барилга барихаар болжээ. Үүнийг тэр орчмын оршин суугчид эсэргүүцсэнээр барилгын ажлыг эхлүүлээгүй байна. Уг нь 2007 онд баталсан Төмөр замын тээврийн тухай хуульд “төмөр замын зурвас газар” гэж төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг хэлэхээр заасан бөгөөд энэ нь бусад тусгай дэглэм бүхий газруудтай давхардаж байгаа бол тухайн газарт тэдгээрийн талаар тогтоосон хамгийн хатуу дэглэм үйлчилнэ хэмээн хуульчилсан. Тийм атал хэн нэгэн дур зоргоороо хашаа хатгачихаж. Чухам ямар барилга байгууламж барихаар болсныг тодруулахаар “Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр” зам нийгэмлэгийнхэнд хандахад “Тухайн газрыг 2018 онд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дуудлага худалдаагаар аж ахуйн нэгжид олгосон байдаг. Гэвч нийслэлийн Засаг даргын 2018 оны тавдугаар сарын 10-ны захирамжийг 2021 оны аравдугаар сард хүчингүй болгосон. Үүнээс өмнөхөн “Эрдэнэс девелопмент” гэдэг компани манайхтай хамтарч ажиллах талаар албан бичиг ирүүлж байсан юм. Манайхан холбогдох хууль тогтоомжийн дагуу Газар зохион байгуулалт, геодез зураг зүйн газрын мэдээллийн сангаас нягталж үзэхэд тэнд ямар нэг бүртгэл хийлгээгүй байв. Тухайн аж ахуйн нэгжид 15 жилийн хугацаатай төмөр замын зурваст газар олгосон нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотой албан бичгийг БОАЖ-ын сайдад хүргүүлсэн. Тэгэхээр төмөр замын бүсэд ийнхүү газар олгож, хашаа барьсан аж ахуйн нэгж бол хүчингүй бичиг баримт үзүүлж, үйл ажиллагаа явуулахаар завдаж байна гэсэн үг” хэмээсэн юм. Уг нь УБТЗ-ынхан хашаа барьж эхлэхэд нь хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж байсан ч үл ойшоосон гэдгийг “Хүрхрээ”-гийн оршин суугчид хэлж, саяхан үйл ажиллагаа явуулахаар хүмүүс ирэхэд нь эсэргүүцэж, хашааг нь хүртэл нурааснаа өгүүлж байлаа.
Төмөр замын хашаанаас хойш явахад Туул голын эрэг дээрх хус, бургас, улиас ургасан төгөл дунд гэр барьсан айл ч байв. Өөрөөр хэл бэл, голын эргийн хамгаалалтын 50 метр дотор айл буужээ. Түүнээс цааш нэлээд олон хусыг тойруулан хашаа барьсан, байшингийн суурь цутгахаар газрыг нь сэндийчсэн, зарим хэсэгт нь моддыг нь тайрсан байх нь ч харагдав. Голын эргээр нохойгоо салхилуулж явсан иргэн “Өнгөрсөн зун энд мод огтолж, хашаа хатгаад зогсохгүй газар ухаж суурь цутгах гэхэд нь бид эсэргүүцээд болиулсан. Гэтэл одоо энд овоолсон шороо, арзайсан төмрөө орхиод яваад өглөө. Тэр хүмүүс байшингийн суурь цутгах гэж байсан талбайдаа том оврын ачааны машин оруулахын тулд өндөр хүчдэлийн тулгуур баганын тулаасыг хүртэл мулталж авчихаад эргүүлж хийгээгүй орхисон” гэсэн юм.
“Хүрхрээ” хотхоны 150 айл нийлж, СӨХ байгуулан баруун хойд талынхаа үхрийн нүдний монос, бургас, улиас, хусан төглийг хамгаалах, урд талынхаа хоосон зайд хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар санал нэгдэж, холбогдох газруудаас зөвшөөрөл авахаар хандсан байна. Оршин суугчдын тоолсноор 10 мянга орчим хустай төгөлдөө айл болгон нэмж 10-50 мод бут, сөөг тарих, хөгшдийн нарлах, амарч тухлах орчин бүрдүүлэхээр санал нэгдсэн аж. Гэвч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхан бусдын эзэмшилтэй давхацсан, усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд багтаж байгаа, төмөр замын хамгаалалтын бүсэд өртсөн хэмээн зөвшөөрөл олгохоос татгалзжээ. Гэтэл хараа хяналтгүй байгаа тэр модон дунд нь хэн дуртай нь очиж архидаж, чулуу овоолон гал түлж, хогоо замбараагүй хаячихсан байв. Хотхоныхоо хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар санал нэгдсэн хэсгийг нь хэдэн хүн хашиж аваад өдгөө байшин барихаар суурийг нь цутгаад байна.
Сонгууль болгоныг угтаад улстөрчид тухайн хэсгийн оршин суугчдын саналыг авахын тулд газрын асуудлыг шийдвэрлүүлж, эзэмших эрхийн зөвшөөрөлтэй болгоно хэмээн амладаг ч ажил хэрэг бололгүй олон жил өнгөрч байгааг ч оршин суугчдын төлөөлөл болсон Г.Намсрай хэлж байлаа. Богдхан уулын Хүрэл тогоот, Хүрхрээ, Түргэний, Ташгайн ам зэрэгт газар олгосон нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд давхардуулан өгсөн нь тусгай хамгаалалттай нутагт хамаарч, оршин суугч иргэдийн газар эзэмших эрхийг шийдвэрлэхэд хүндрэлтэй буйг БОАЖЯ-ныхан ч анхаарч байгаа, Засгийн газар ч мэдэж буй бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга уг асуудлыг шийдвэрлэхээр ахлан ажилладаг гэх. Богдхан уулын дархан цаазат газрын хэмжээг ЮНЕСКО-д бүртгүүлсэн байдаг бөгөөд тэнд бүртгүүлсэн хэмжээнээсээ бууруулах боломжгүй учраас уг ажил гацдаг юм байна.