Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан энэ сарын 15-ны бямба гарагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осолд орж, өөрөө ч гэмтэн, автомашин нь ч ашиглах боломжгүй болжээ. Орон нутгийнхан нь мэдээлэхдээ “Өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн “Ланд круйзер-200” загварын автомашинтай аймгийн төвөөс гарч явахдаа осолдсон юм. Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид ослын газарт ажиллаж шалгалт хийсэн. Мөрөндөө гэмтэл авсан юм шиг байна лээ” хэмээсэн юм. Харин Д.Бауыржан зарим хэвлэлд “Осол гарсан нь үнэн. Хувийн машиндаа ганцаараа явсан. Би согтуу байгаагүй. Машины дугуй хагарч замын хажуу руу унасан. Гэмтэж бэртээгүй” хэмээн тайлбар өгсөн байв. Жил бүр АТГ-т гаргаж өгдөг ХАСХОМ-тээ сүүлийн гурван жилд хувьдаа “Тоёота камри” загварын нэг л суудлын автомашинтай гэж бүртгүүлж байсан тэрбээр хамаарал бүхий хүнийхээ нэр дээр “Ланд круйзер-200”-гаа бүртгүүлсэн бололтой. Үүнийг нь АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн шалгахад буруудахгүй нь. Уг ослын талаар ТЦА-ны Мөрдөн шалгах газрын дарга, хурандаа С.Буянжаргал мэдээлэл өгөхдөө “Энэ сарын 15-ны 17.30 цагийн үед Шар нуурын хяналтын постноос холгүй тээврийн хэрэгсэл осолдсон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад иргэнээс ирүүлсэн. Энэ дагуу Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж байгаа. Уг тээврийн хэрэгсэл нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын төрсөн ахын эзэмшлийн машин болох нь тогтоогдсон. Осол юунаас болсон, машиныг хэн барьж явсан зэргийг үргэлжлүүлэн шалгаж байна” хэмээлээ.
Мөн өчигдөр 01.00 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг, Ботаникийн зам дээр 37 настай Г гэх хүнийг “Приус-20” загварын автомашины жолооч дайрч хохироон хэргийн газраас зугтсаныг цагдаагийнхан шуурхай илрүүлснийг энэ үеэр мэдээлсэн юм. Талийгаачийг Э гэх залуу “Приус-20” жолоодож яваад дайрч хөнөөн, замаар чирсэн байсан аж. Түүнийг замын зорчих хэсэг дээр хэвтэж байхад нь 19 настай Э-гийн жолоодож явсан машин дахин дайрсан байна. Шалгалтын явцад жолооч 32 настай, эрэгтэй Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон гэдгийг ТЦА-ныхан тодотгов.