Урьд шөнө 01:00 цагийн орчим “Баянзүрх дүүргийн Ботаникийн зам дээр хүн нас барсан байна, замаар чирсэн байдалтай байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Тус хэргийг шалгахад 32 настай, эрэгтэй Э нь Тоёота приус 20 маркийн автомашиныг жолоодон явахдаа явган зорчигч 37настай, эрэгтэй, Г-г мөргөж амь насыг нь хохироон, хэргийн газрыг орхиж явсан байна. Хохирогч зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд хэвтэж байхад нь 19 настай, эрэгтэй Э жолоочтой Тоёота приус 20 маркийн автомашин дайрсан гэмт хэргийг шуурхай илрүүлсэн гэнэ. Шалгалтын явцад жолооч 32 настай, эрэгтэй Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Иймд иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, мөн жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.