Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй албан тушаалтнуудад холбогдох хэргүүдийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүллээ. Тус хэлтсийнхэн сарын 10-14-нд эрүүгийн 726 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас найман хэргийг шүүхэд шилжүүлэх, дөрвийг нь хаах саналаа илэрхийлж прокурорын хяналтад хүргүүлсэн аж. Тэдгээрийн дунд дээрх хоёр аймгийн удирдах албан тушаалтнуудын хэрэг багтсан юм.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж найзынхаа компанид давуу байдал олгон орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан билээ. Түүнтэй хамт тус аймаг дахь Цагдаагийн газрын дарга асан, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга асан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү нарыг ч буруутгасан. Энэ албан тушаалтнууд улсын орлого болгосон дэрвэгэр жиргэрүүг Ш.Оргилын найз Г.Баттулгын “Эко петролиум” компанид давуу байдал олгон худалдсан хэрэгт холбогдсон юм. Цагдаа, мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтнууд нь хураасан дэрвэгэр жиргэрүүг хуулийг дагуу шийдвэрлэх ажлын хэсгийн гишүүн, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч А.Бямбадорж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга асан, өдгөө аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж буй бэлтгэл дэд хурандаа С.Батжаргал нарт нөлөөлж, уг компанийг тендерт шалгаруулж, төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга асан, өдгөө төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Отгонбаяр, Засаг дарга байсан Г.Батжаргал, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ихбаяр, “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайхан нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дууссан аж. Засаг дарга, ИТХ-ын дарга тэргүүтэй албан тушаалтнууд бүлэглэн 2017 оны зургадугаар сарын 21-нд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэн багийн Иргэдийн нийтийн хурлаас болон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсгийнхэн ч дэмжээгүй, Хөшөөт гэх газарт нөхөн сэргээлт хийлгэх, орон нутагт хандив өгүүлэхгүйгээр З.Эвлэгсайханаас 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон билээ. Тэдэнд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн жил нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаагаад байсан юм.