Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯамны газар, хэлтсийн дарга нар татварын ерөнхий газрын удирдлагын бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль түүний хэрэгжилтийн талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал өнгөрсөн 2016-2018 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг хүргэв. Уг танилцуулгад дурдсанаар дээрх онуудад байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй буюу 69,7 хувь, төлбөрийн дутуу төлөгдсөн үлдэгдлийн нийт дүн 44.1 тэрбум төгрөг байгааг дурдаад, цаашид хуулийн хэрэгжилт, тайлан мэдээ, гүйцэтгэлийн ажлыг чанаржуулж, мэдээллийн нэгдсэн системд тулгуурлан ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байгааг хэллээ.
Ингэхдээ, тус хуулиар зохицуулагддаг ургамал ашигласны төлбөр, Ус, рашааны нөөц ашигласны төлбөр, Ойн нөөц ашигласны төлбөр, Ан амьтны нөөц ашигласны төлбөр, газар ашигласны төлбөр түүнд холбогдох мэдээ, мэдээлэл, тайланг нэгтгэж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх шаардлагатай бөгөөд мэдээллийн зөрүүтэй байдлаас үүдэж хууль хангалттай хэрэгжихгүй байна гэсэн юм. Түүнчлэн “Хур” мэдээллийн систем болон төрийн байгууллагууд харилцан мэдээллээ солилцдог жишиг бий болсноор дээрх өнгөрсөн онуудад үүсээд байгаа байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуримтлагдсан үлдэгдлийг төлж барагдуулах боломж бүрдэхээс гадна хуулийн хэрэгжилтийг хангуулахад хөшүүрэг болно гэдгийг онцлов. Уулзалтын төгсгөлд талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, байгалийн нөөц ашигласны төлбөрийн дутуу төлөгдсөн үлдэгдэл дүнг төлж барагдуулах ажлыг эхлүүлэхээр боллоо.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, түүнийг төсөвт төвлөрүүлэх, тайлагнах, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулсан байдаг. Энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс орон нутаг дахь чиг үүргийн байгууллагууд мэдээллээ үнэн зөв ирүүлдэг байхаас гадна энэ төрлийн төрийн үйлчилгээг цахимжуулж, мэдээллийн санг нэгтгэх нь үр дүнтэй гэдгийг хэллээ.
Харин Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасны дагуу нөөц ашигласны төлбөрийн орлого 2018 онд 86 тэрбум, 2019 онд 94 тэрбум, 2020 онд 112 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Хуулийн дагуу жил бүр 25-34 тэрбум төгрөгөөс доошгүй хөрөнгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах ёстой. “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn/ -ээс харах боломжтой.